Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын элчингийн ажилтнууд ямар нэг богино долгионы зэвсгийн хохирогч болсон гэж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

 Сүүлийн жил гаруй хугацаанд Куба, Хятад дахь АНУ-ын элчингийн 30 гаруй ажилтан, тэдний гэр бүлийнхэн ямар нэг нууцлаг дуу авианы зэвсгийн хохирогч болсон юм.

Тэгвэл тэдний эсрэг ашигласан зэвсэг нь богино долгионы уламжлалт бус зэвсэг байх магадлал өндөр гэх дүгнэлтийг эрдэмтэд гаргажээ.

Хохирогчдын мэдүүлж байгаагаар тэдний амьдарч байсан байранд өндөр далайцтай чимээ сонсогдож эхэлсний дараа дотор муухайрах, толгой өвдөх, нойргүйдэх, дүлийрэх зэрэг эмгэгүүд илэрч эхэлсэн гэнэ. Кубад гарсан хэргийг шалгасан эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сард дүгнэлтээ The Journal of the American Medical Association сэтгүүлд нийтлүүлэхдээ богино долгионы зэвсгийн талаар огт дурдаагүй юм.

Харин сүүлд Хятадад гарсан хэргийн хохирогчдыг шалгасан Пеннсилваний их сургуулийн Тархины Эмгэгийг сэргээн засах төвийн захирал Дуглас Смит эдгээр халдлагуудад богино долгионы зэвсэг ашигласан гэх дүгнэлттэй санал нийлж байгаагаа хэвлэлд ярьжээ.

Тэр “Эхлээд бүгд эргэлзэж байсан. Харин одоо бүгд ямар нэг зэвсэг ашигласныг хүлээн зөвшөөрч байна” хэмээн ярьсан байна. Тэр бас Кубын элчингийн халдлагын хохирогчдын эрүүл мэндийг шалгахад тэргүүлэн ажилласан юм.

Гавана хот дахь элчинд гарсан хэргийн дараа 2017 оны есдүгээр сард АНУ уг хэрэгт Кубын засгийн газрыг буруутгаж, элчингийн ажилтнуудынхаа талыг буцаан татаж, Вашингтоноос Кубын 15 дипломатчийг хөөсөн байна.

АНУ-ын тал Кубын эрх баригчдыг яг ямар аюул учруулсныг нотолж чадаагүй ч өөрийн дипломатчдыг нь хамгаалж чадаагүй хэмээн буруутгасан юм.

Харин Кубын тал үүнд ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдсэн. Дараа нь 2018 оны зургаадугаар сард Хятад дахь дипломатчид ижил асуудал тулгарсны улмаас АНУ руу буцаасан юм.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар 1960-аад оны үед Америкийн эрдэмтэн Аллан Фрэй анх удаа богино долгионыг хүний тархи дуу авиа мэт хүлээж авдгийг нээж байжээ.

Үүний дараа АНУ, ЗХУ улсууд богино долгионы зэвсэг бүтээхээр ажиллаж эхэлсэн гэнэ. Харин хэн нэг нь ийм зэвсгийг бодитойгоор бүтээсэн эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP