Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Богдхан ултра трайл 50км" тэмцээний ялагч Б.Сүрэнжав олон улсад өрсөлдөх урилгаа гардан авлаа

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“Тал нутгийн марафон-Богдхан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь 1997 оноос эхлэн Япон улсын иргэн ноён Фүживара Тацүичигийн санаачилгаар өдгөө 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба энэ сарын 19-ний өдөр Богдхан уулын Шавартын аманд амжилттай болж өнгөрсөн юм.

Ултра трайл төрлийн марафон нь Богдхан уулын зүүн талд байрлах Шавартын амнаас эхлэн Богдхан уулыг дамжин Зайсан толгойн орой хүртэл нийт 50 км замыг туулан олон орны тамирчдад Монголын өргөн уудам тал, уул толгод, ой мод, хот суурин газрыг нэг дор бүгдийг харж, мэдрэх боломжийг олгосноороо урьд урьдын тэмцээнүүдээс онцлогтой болсон аж.

Тус төрөлд олон улсын тамирчдаас Япон Улсын тамирчин Кота Араки нэгдүгээр байранд орсон бол Монгол тамирчдыг төлөөлж хөнгөн атлетикийн залуу тамирчин Б.Сүрэнжав долоон минутын зайтай барианд орж дараах байрыг эзэлсэн юм.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Тэмцээнийг зохион байгуулагчид тэмцээний үеэр 50 километрийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монголын нэг тамирчинд нас харгалзахгүйгээр олон улсын "Ултра трайл" тэмцээнд оролцох эрхийн бичиг олгон бүх зардлыг дааж, спортын амжилтыг нь дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу 28-ны өдөр тэмцээний ялагч, залуу тамирчин, ултра трэйл төрлийн сонирхогч Б.Сүрэнжав олон улсын тэмцээнд оролцох урилгаа гардан авлаа.

 

Тэмцээний ялагч, хөнгөн атлетикийн тамирчин Б.Сүрэнжав "Өмнө дотоодын 21, 42 км-ийн марафон болон олон улсын тэмцээн, уралдаануудад оролцож байсан. Тус тэмцээнд оролцсонд сэтгэгдэл тун өндөр байна, учир нь байгальд, уул хадаар гүйж хүчээ сорьсон нь өмнөх туршлагуудаас ондоо байсан юм. Мөн эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд оролцох болсондоо баяртай байна. Япон Улсад олон улсын марафон, тэмцээн уралдаанууд их зохион байгуулагддаг, тийм ч учраас Япон улсад зохион байгуулагдах тэмцээнд хүч үзэх сонирхолтой байна" гэсэн юм.

Тэмцээнийг Япон Улсын "Шёова холдингс" групп хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байгаа ба мэргэжлийн тамирчид болон энгийн иргэдийн биеийн тамир спортыг дэмжиж, тус марафоныг Монгол Улсын спортын брэнд арга хэмжээ болгоход өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа юм. Мөн Нийслэлийн аялал жуулчлалын газар, "Нүүдлийн Зурган Өгүүлэмж" сан хамтран зохион байгуулж, Монголын томоохон хувийн хэвшлийн төлөөллүүд болох "Чингис Хаан" банк, "Mongolian Properties" болон "Мобиком" корпораци ивээн тэтгэж, хамтран зохион байгуулагдсанаараа  онцлогтой болсон юм.

Зохион байгуулагдаж өндөрлөсөн тэмцээнд Япон Улсын Элчин сайд Масато Такаока, Япон Улсын "Хөл нүцгэн гүйлтийн холбоо"-ны ерөнхийлөгч Цүёши Ёошино, Японы Изүми хотын тамирчид болон 2008 оны Бээжингийн олимпийн оролцогч Юрика Накамура гэх олон улсын хүндэт хүмүүс ирж оролцсон юм. Мөн тэмцээний  урилгаар Франц Улсын гүйлтийн тамирчин, трайл ран төрлөөр хичээллэдэг Карол Фукс ирж зохион байгуулагчаар ажилласан юм.

Энэ дашрамд ялагч Б.Сүрэнжав гүйлтийн "Ултра трайл 50км"-ийн төрөлд анх удаа оролцсон нь үнэхээр таалагдсан тул ирэх сард БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдах уг төрлийн олон улсын тэмцээнд хүч үзэхээр зэхэж буйгаа мөн хуваалцлаа.