Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Японы 18 настай тамирчин охин Азийн Наадмаас 5 дахь алтан медалиа зүүлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Баруун гар талаас хоёр дахь нь Рикако Ике

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болж байгаа Азийн 18 дугаар Спортын Наадмын усан санд 18 настай Япон охин ноёлж байна.

Рикако Ике өчигдөр 4x100 метрийн эмэгтэй холимог буухиад эрвээхэй сэлэлтээр Японы багийн өмнөөс уралдаж тав дахь алтан медалиа зүүлээ.

Тэр энэ удаагийн Азийн наадмын усан санд орох бүртээ нэг медальтай гарч ирж байна.

Ике одоо энэ наадмаас 5 алт, нийтдээ 7 медальтай болоод байгаа юм. 67 жилийн түүхтэй Азийн Наадамд нэг наадмаас авсан медалийн тоогоор тэр хоёрдугаарт жагсаж байна.

Түүний өмнө Хойд Солонгосын буудлагын тамирчин Со Гин Ман ганцаараа зогсож байгаа юм. Тэр 1982 оны Азийн Наадмаас найман медаль зүүсний 7 нь алт байжээ.

Одоо Рикако Икед усанд сэлэлтийн тэмцээний сүүлчийн өдөр дахин нэг уралдаанд орох боломж байгаа.

Тэр Азийн Наадамд ирэхээсээ өмнө Pan Pacific усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд АНУ, Канад, Австралийн тамирчидтай өрсөлдөж, 4 медаль зүүсэн юм.

Одоо Япончууд Икег Токио 2020 Зуны Олимпийн Наадмын гол найдвар гэж үзэж байна.

Энэ удаагийн Азийн Наадмын усан сэлэлтийн төрлийг Япон, Хятадын тамирчид тасархай тэргүүлж байгаа. Өчигдрийн уралдаануудын дараа Япон 17, Хятад 16 алтан медаль зүүгээд байна.

Тэдний дундуур Сингапурын Жозеф Скулинг л ганц удаа орж, 2 алт зүүсэн юм. Бусад орнуудын багт эхний хоёр байрыг эзлэх ямар ч боломж олдохгүй байна.

 

Эх сурвалж: Asahi Shimbun