Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Олон мянган жилийн өмнө устаж алга болсон Денисовын хүний тухай баримтууд

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнөө цагийн хүний өвөг дээдэстэй зэрэгцэн амьдарч байгаад устаж үгүй болсон гэгддэг өөр нэг төрлийн эртний хүмүүс нь Денисовчууд юм.

Хүний үүсэл хөгжлийг харуулсан зураглалд хамгийн сүүлд нэмэгдсэн нэг салаа мөчир нь Денисовын хүн.

Түүний биеийн үлдэгдлийг 2010 онд Сибирийн агуйгаас анх илрүүлсэн байдаг. Тэд сүүлчийн мөстлөгийн үед Сибирээс Зүүн Өмнөд Ази хүртэл тархан амьдарч байсан гэж таамагладаг юм.

Генетикийн судалгаагаар Денисовчууд нь Неандерталь болон одоогийн хүмүүс хоёрын аль алинтай нь холилдон эвцэлдэж байсан гэж үздэг.

Эдгээр гурван төрлийн хүмүүс нь нэг өвөг дээдэстэй. Тэдний ерөнхий өвгийг Homo heidelbergensis гэдэг ба Африк тивд амьдарч байжээ.

300,000-400,000 жилийн өмнө тэдний зарим нь Африкаас явсан байна. Тэд Евразид тархахдаа хоёр хуваагдаж, Европ руу нүүсэн нь Неандертальчууд болж, зүүн тийшээ Ази руу нүүсэн нь Денисовчууд болжээ.

Харин орчин үеийн хүний өвөг дээдэс Африкт үлдэж, Homo Sapiens хэмээх төрөл болж хөгжсөн юм.

Одоогийн хүмүүс Африкаас гарч яваад Евразид 40,000-60,000 жилийн өмнө Денисовын хүмүүстэй анх тааралдсан гэж үздэг.

Денисовын хүнийг нээсэн нээлт харьцангуй саяхны үйл явдал. 2008 онд Оросын палеоантропологичид Сибирийн өмнөд хэсгийн Хятад, Монголтой хил залгаа Алтайн уулс дахь Денисовын агуйгаас эртний хүний хурууны яс олсон нь хүний цоо шинэ төрөл зүйл байв.

Эрдэмтэд уг олдворыг 40,000 жилийн өмнө нас барсан 5-7 настай охины чигчий хурууны яс гэж тодорхойлсон юм.

Сибирийн хүйтэн уур амьсгал генетикийн мэдээллийг нь сайн хадгалж үлдсэн байжээ. 2010 онд Германы Макс Планкын хүрээлэнгийн судлаачид энэхүү олдворт генийн шинжилгээ хийж үзээд энэ нь Неандерталь болон орчин үеийн хүмүүстэй төстэй ч цоо шинэ төрөл зүйл болохыг тогтоосон байна.

Ингээд тэд шинэ хүний төрлийг олдсон агуйн нэрээр нь Денисовын хүн гэж нэрлэсэн юм.

Зөвхөн энэ хурууны яснаас Денисовчуудыг бараан өнгийн арьс, үс, нүдтэй байсан гэж дүгнэсэн байна. 

Тэднийг орчин үеийн хүмүүстэй холилдсон гэж үздэг ба хүмүүст Денисовчуудын гени хадгалагдаж байдаг юм. Өнөөдрийн зүүн Азийн үндэстнүүд, тэдгээрийн дотор Меланезичууд Денисовын хүний генийг хамгийн их буюу 5 хувьтай өвлөсөн байдаг.

Меланезичууд нь Папуа Шинэ Гвинейгээс Фижи арал хүртлэх Номхон далайн арлуудын уугуул оршин суугчид юм.

Денисовчууд болон зүүн Азийнхан 45,000 жилийн өмнө эвцэлдэж, дараа нь Номхон далайг гатлан Папуа Шинэ Гвинейд хүрсэн гэж эрдэмтэд таамагладаг. Төвдүүд болох Хань үндэстнүүдэд бас Денисовчуудын генийн үлдэгдэл байдаг гэнэ. 2014 онд судлаачид Хималайн уулсын Шерпа угсаатан Денисовын хүнээс өндөр ууланд чөлөөтэй амьсгалах чадварыг өвлөж авсан гэж дүгнэж байжээ.

 

Эх сурвалж: National Geographic