Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос Японоос дайны нөхөн төлбөр төлөх, уучлал гуйхыг шаардлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Хойд Солонгосын дэглэм Өмнөд Солонгос, АНУ-ын эсрэг дайсагналаа бууруулж, харьцангуй зөөлрөөд байгаа. Харин тэдний Японыг шүүмжлэх, буруутгах нь улам нэмэгдээд байна.

Өчигдөр Хойд Солонгосын төв хэвлэл Японы эрх баригчдыг Солонгосын хойгийг колоничолж байсныхаа нөхөн төлбөрийг төлөх, өнгөрсөн үеийн буруутай үйлдлийнхээ төлөө уучлал гуйхыг шаардаж байгааг мэдээлжээ.

Ингэснээр хоёр орны харилцаа сайжрах нөхцөл суурь бүрдэнэ гэсэн байна.

Японы колоничлогчдын хийсэн үйлдлийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлжээ.

Тус мэдэгдэлд Абэгийн засгийн газар өнгөрсөн түүхэндээ олон сая Солонгосчуудын амийг бүрэлгэсэн нүглээ цөөхөн тооны хулгайлагдсан иргэдийн асуудлыг дэвэргэх замаар дарагдуулж байна гэж шүүмжилжээ.

Өнгөрсөн хугацаанд Япон улс АНУ, Өмнөд Солонгосоос илүү Хойд Солонгосын дэглэмд хатуу хандаж байв. Тиймээс Пёньяны эрх баригчид одоо Японы эсрэг довтолгоогоо эрчимжүүлж, холбоотнуудаас нь салгах бодлого барьж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Ким Жон Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй энэ онд хоёр удаа уулзаад байгаа бол гурав дахь уулзалтыг ирэх сард Пёньянд хийхээр төлөвлөөд байна.

Тэр бас АНУ-ын ерөнхийлөгчтэй зургаадугаар сард уулзсан, хоёр дахь уулзалтын тухай яриа ч гараад байгаа билээ.

Харин Ким Жон Ун Японы удирдагчтай одоогоор уулзаагүй байна. Токиогийн эрх баригчид Шинзо Абэг Ким Жон Унтай уулзуулах арга хайж байгаа ч үр дүнд хүрээгүй байгаа юм. Одоо Абэ ирэх сард Владивостокт болох Алс Дорнодын Эдийн Засгийн Чуулганы үеэр Ким Жон Унтай уулзах боломжийг судалж байна. Гэхдээ дипломат эх сурвалжуудын мэдээлснээр Хойд Солонгосын удирдагч энэ арга хэмжээнд оролцох магадлал маш бага байгаа ажээ.

“Япон улс өнгөрсөн үеийн нүглээ наминчлахаас нааш ирээдүй рүү ганц ч алхам хийж чадахгүйгээ ойлгох ёстой” гэж Хойд Солонгосын мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times