Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Хэрвээ намайг огцруулбал бүгд үгүйрч хоосорно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд байр суурь нь ихээр ганхаад байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ өөрийг нь албан тушаалаас огцруулбал Америкийн эдийн засаг сүйрнэ гэж анхааруулжээ.

Хэдхэн өдрийн өмнө түүний өмгөөлөгч асан Майкл Коэн сонгуулийн үеэр Трампын хууль бус үйлдлийг өмнөөс нь гүйцэтгэж байснаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн юм. 

Тодруулбал Трамптай дотно харилцаанд орж байсан гэгддэг хоёр эмэгтэйн амыг барихын тулд мөнгө төлж байснаа хүлээсэн байна. Энэ нь сонгуулийн санхүүжилтын хуулийг зөрчсөн хэрэг болж байгаа юм.

Трамп өчигдөр Fox News сувагт ярихдаа “Хэрвээ намайг албан тушаалаас огцруулбал эдийн засаг сүйрнэ гэдгийг би хэлж чадна. Бүгд үгүйрч хоосорно” гэж хэлжээ.

Тэрээр өөрийнх нь ажиллах хугацаанд ажлын байр нэмэгдсэн, эдийн засаг өссөн зэрэг эерэг тоо баримтуудыг энэ үеэр дурдсан байна.

“Ийм сайн ажилласан хүнийг яагаад огцруулах гээд байгааг би ойлгохгүй байна” гэж тэр нэмж хэлсэн юм.

Өнгөрсөн Мягмар гарагт Трамп давхар давхар цохилт амсаж, ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш хамгийн хүнд өдрийг үзсэн. Тэр өдөр Майкл Коэн түүний хууль бус даалгаврыг гүйцэтгэж байснаа хүлээснээс гадна Трампын сонгуулийн менежэр асан Пол Манафорт татвараас зугтсан, банкны луйврын гүйлгээ хийсэн зэрэг хэрэгт буруутгагдаж, ял сонссон юм.

Манафортыг ялласан нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Оросын нөлөө орсон эсэхийг шалгахаар конгрессоос томилогдсон тусгай прокурорын мөрдлөгийн эхний үр дүн байв.

Трампын чимээгүй байлгах зорилгоор 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнө мөнгө өгсөн гэгдэж байгаа эмэгтэйчүүд нь порно киноны од Сторми Даниэлз, Playboy сэтгүүлийн модель Карен Макдугал нар юм.

Хандивлагчдын өгсөн мөнгийг сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор зарцуулсан нь АНУ-ын сонгуулийн хуулийг зөрчиж байгаа ажээ.

Коэн мөнгө өгсөн талаар мэдүүлэхдээ “холбооны засаг захиргаанд нэр дэвшигчийн заавар, чиглэлийн дагуу” гэж тодорхойлсон нь гарцаагүй Трампыг хэлж байна.

Харин Трамп өчигдөр ярихдаа мөнгө төлснийг хүлээн зөвшөөрөөд энэ нь гэхдээ гэмт хэрэгт тооцогдохгүй гэж тайлбарласан юм.

Тэр уг мөнгийг сонгуулийн данснаас биш, хувиасаа төлсөн бөгөөд Коэнд энэ талаар хэлээгүйгээс тэр буруу мэдүүлэг өгсөн гэжээ.

Трамп бас сонгуулийн менежэр нь асан Манафортыг хариуцлагаас булталгүй, хэргээ шударгаар хүлээснийг нь магтан ярьсан байна. Энэ нь Манафорт ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдаж магадгүй гэсэн сэжгийг нэмэгдүүлж байв.

Энэ алхмыг хийх эсэхийг нь асуухдад Трамп шууд хариулалгүй бултсан нь таамгийг улам үнэмшилтэй болгож байна.

 

Эх сурвалж: AFP