Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчтэй далайн хар салхи Сөүл хотыг чиглэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Соулик нэртэй далайн хар салхи өнөөдөр Чэжү арлыг дайрсан бол маргааш өглөө эрт Сөүл хотод хүрэхээр байгааг Өмнөд Солонгосын цаг уурын хүрээлэн мэдээлжээ.

Хүчтэй хар салхи өнөөдөр үд дунд Чэжү арлаас 90 км зайтай хойш чиглэн цагт 4 км хурдтай нүүдэллэж байв.

320 км радиустай салхины төв дэх даралт 970 хектоПаскаль байгааг мэдээлжээ. Чэжү арлыг дайрах үеэр 20 гаруй насны эмэгтэй сураггүй болж, нэг эрэгтэй бэртсэн байна.

Соулик хар салхи өнөө шөнө Солонгосын эх газарт хүрч, баруун эргийн Гунсан хотыг дайран үүрийн 4:00 цагт Сөүл хотод хүрэхээр байгааг цаг уурчид тооцоолжээ. Гэхдээ үүнээс өмнө салхины хурд буурч, чиглэлээ өөрчлөх магадлал бас байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын ихэнх мужууд түгшүүр зарлаж, хар салхины хор хохирлыг бууруулах арга хэмжээнүүдийг авсан байна. Тус улсын гол боомтууд ажиллагаагаа зогсоож, Инчеон, Гимпо нисэх буудлууд 300 гаруй нислэгийг хойшлуулжээ.

Мөн орон даяар 1,490 гаруй дунд сургуулийг түр хаагаад байна.

Хар салхи маргааш үдээс хойш зүүн тэнгист хүрч, улмаар ОХУ-ын Владивостокыг чиглэн явахаар байгааг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News