Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

ХНБ-ны тэргүүн Жером Пауэлл: Төв банк нь бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлэхдээ улс төрөөс хараат бус байдаг

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Холбооны нөөцийн банк (ХНБ)-ны тэргүүн Жером Пауэлл үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш анх удаа өгсөн ярилцлагыг тоймлон толилуулж байна. Тус ярилцлагыг эдийн засаг, бизнесийн чиглэлээр мэргэшсэн Marketplace онлайн радиогийн ахлах редактор, хөтлөгч Кай Рисдал авсан бөгөөд ХНБ-ны бодлого болон эдийн засаг дахь тарифын маргаан зэргийн хүрээнд өрнөсөн болно.

- ХНБ-ны тэргүүн ноён Пауэлл танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагыг сонин асуултаар эхлүүлж байж магадгүй. Гэхдээ ХНБ-ны тэргүүн ярилцлага өгөх нь түгээмэл биш. Энэ нь таныг ажлаа авснаас хойшхи анхны ярилцлага байх тийм үү?

- Баярлалаа, тиймээ зөв.

- Та яагаад ярилцлага өгөхийг зөвшөөрөв?

- Нэг үндэслэл нь бидний ажил хүн болгоны амьдралд нөлөөлдөг учир үүнийхээ талаар аль болох ойлгомжтойгоор танилцуулах нь бидний үүрэг гэж бодож байна. Нөгөө талаас бидний үг, цэг таслал болгоныг анхаарч сонсож байдаг мэргэжлийнхэн байдаг тул энэ ярилцлагыг хийхээр шийдсэн.

- Таны үг, хөдлөл болгоныг анхаарч байдаг хүмүүс танд түвэгтэй байдаг уу?

- Энэ бол миний ажлын нэг хэсэг шүү дээ. Тэгэхдээ бид өөрсдийн юу хийж байгааг, Конгрессээс бидэнд олгосон чухал ажлыг дан ганц мэргэжлийнхэнд бус мөн Америкийн бүх иргэд рүү ерөнхийд нь чиглүүлж байгааг хэлэх нь зүйтэй байх. Хэрвээ та санаж байвал, 6-р сарын эхээр болсон хэвлэлийн хурлыг эхлүүлэхдээ та “ХНБ юу хийдэг талаар би танилцуулъя” гэж хэлэх үед би “байж байгаарай, наадах чинь миний ажил шүү дээ” гэж нөхөрсгөөр хэлж байсан. Эдийн засагт юу болж байгааг танилцуулахдаа та их идэвх санаачилгатай санагддаг.

- Тийм, тийм. ХНБ-ны хувьд ил тод болохын тулд ихээхэн замыг туулсан. Хэрэв 25 жилийн өмнөх рүү харвал бид ихээхэн хаалттай, зах зээлд оролцогчид болон олон нийтэд өөрсдийнхөө талаар ярьж, тайлбарладаггүй байсан. Энэ бол хувьсгал бөгөөд миний хувьд хамтран зүтгэгч нарынхаа хамт өмнөх тэргүүнүүд болох Гринспан, Бернанке, Йеллэн нарын эхлүүлсэн ажлыг өөрсдийнхөөрөө үргэлжлүүлж байгаа хэрэг. Дэлхийн санхүүгийн хямрал болсоор 10 жилийн ой тохиож байна. Би энэ ярилцлагаар өнгөрсөн рүү нэг их орохгүйг хичээнэ. Гэхдээ санхүүгийн хямралаар юуг ойлгож авсан бэ? 

- Хэрэв санхүүгийн хямралыг эргэн санах юм бол үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөс хагарснаар, бүх нийтийн төлбөрийн чадваргүй байдал үүсч, энэ нь санхүүгийн тогтолцоонд томоохон шок болсон. Систем шокийг даван туулах ёстой байсан ч чадаагүй. Энэ том шуурга банкийг хянаж шалгахад, төлбөрийн хэрэгсэл, цаашлаад санхүүгийн зах зээлд ерөнхийд нь томоохон сул тал байгааг ил болгосон. Бид Засгийн газар болон татвар төлөгчдийн дэмжлэгтэйгээр эдгээр сул талыг засаж, залруулахын тулд 10 гаруй жилийн хугацааг зарцууллаа. Үүнийг давтахыг хүсэхгүй байна. Тиймээс банк хямрах үед тулах тулгууртай байхын тулд хөрөнгийн хэмжээ, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, эрсдэлийн удирдлагыг сайжруулан, стресс тестийг хэрэгжүүлж, урьдчилсан төлөвлөгөөг хэвшүүлсэн байгаа. Бид тэдгээр алдааг мартах ёсгүй ба мөн өнгөрсөнд үр нөлөөтэй, зөв байсан бодлогыг орхигдуулж болохгүй. 

- ХНБ давхар зорилт буюу бүрэн ажил эрхлэлт, үнийн тогтвортой байдал хоёрыг хангаж ажиллахыг зорьдог. Цалинг та бүхэн анхаарч үздэг үү, энэ тал дээр юуг хийж чадах вэ?

- Тэгэхээр хямрал үргэлжилж, ажилгүйдлийн түвшин өндөр байсан учир цалин бага байсныг дурдах хэрэгтэй байх. 2009 онд 10 хувьд хүрээд байсан ажилгүйдлийн түвшин одоо 4 хувьд буюу сүүлийн 20 жилд байгаагүй бага түвшинд хүрлээ. Бид цалингийн түвшинг харахдаа ганц биш маш олон индикаторуудыг хардаг. Цалин хөлс нь инфляцитай уялдаатай байдаг ба мөн үүн дээр бүтээмж нэмэгддэг. Гэтэл бүтээмж муу байгаа. Сүүлийн үед ажиллах хүчний дутагдал олон салбарт үүсээд байгаа. Цаашид цалин бага зэрэг өсөх хүлээлттэй байна.

- Өнөөдөр инфляцийн статистикийг зарлана. Танд энэ талаарх бүх мэдээлэл ирсэн байдаг байх. 6 цагийн дараа тодорхой болох тоог одоо мэдэх боломж байгаа болов уу?

- Хэдийгээр энэ талаар би мэдээлэлтэй ч, хараахан задалж болохгүй.

- Мэдээж тийм байх. Инфляци сүүлийн үед бага зэргээр өсөж байна, ХНБ хэрэгжүүлж байгаа бодлого, алгуур нэмэгдүүлж байгаа бодлогын хүү болон макро эдийн засгийн нөхцөл байдалд хэр сэтгэл хангалуун байна вэ?

- Миний бодлоор эдийн засаг сайжирч байна. Ажилгүйдлийн түвшин 4 хувь хүртэл буурч, сүүлийн 5 жилд иргэд ажлаас гарах нь багасч байгаа нь сайн хэрэг. АНУ-ын ажиллах хүчний оролцоо бусад орнуудынхаас бага байдаг нь эерэг мэдээ биш ч бодлогын хүү бага байсан он жилүүдэд ажлын байраар дамжуулж иргэдийн ажил эрхлэлт нэмэгдсэн.  Намайг ХНБ-ны удирдах зөвлөлд ажиллаж эхэлснээс (2012 он) хойш энэ оны 5-р сард анх удаа суурь инфляци 2 хувьд хүрсэн. ХНБ хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийг анхаардаг ч, суурь инфляцийг илүүтэй чухалчилж, бодлогоо тодорхойлдог.

- Өнгөрсөн хугацаанд Төв банкныхан уламжлалт болон уламжлалт бус аргуудыг хэрэглэсэн ч инфляци бага байсан нь гайхалтай. Энэ талаар тайлбарлахгүй юу?

- Тийм ээ. Хэт бага инфляци гэдэг бол эдийн засаг сайнгүй байгааг илэрхийлж байдаг. Ажилгүйдэл өндөр байхад бүтээмж муу байж улмаар эдийн засгийн нөөц бүрэн ашиглагдаагүй хоцорч, инфляци хэт бага түвшинд очдог. Филлипсийн муруйгаар энэ бүхнийг тайлбарлаж болно. Гэхдээ инфляци бага зэрэг нэмэгдсээр өдгөө бидний зорилт болох 2 хувийн түвшинд шүргэж ирээд байна. Бидний зорилго бараг хангагдахад ойртож байгаа ч, яг 2 хувьд тогтворжоогүй байгаа тул бид ялалт байгуулсан мэт аяглаж болохгүй. Гэхдээ цаашид эерэг төлөвтэй байгаа. 

- Манай Төв банк сүүлийн үед бодлогын хүүг алгуур чангаруулах бодлого баримталж байгаа. Инфляци дөнгөж 2 хувьд хүрч байхад бодлогын хүүг хэт эрт чангаруулчих вий гэсэн болгоомжлол байгаа юу?

- Тэгэхээр аль ч чиглэлд явсан хамаагүй гол нь зөв хурдтай явна гэдэг том сорилт байдаг. Бодлогын хүүг алгуур өсгөж байгаа, үр дүнд нь бид сэтгэл хангалуун байгаа. Хямралын үед эдийн засгийн идэвхжлийг нөхцөлдүүлэхийн тулд ХНБ-ны бодлогын хүүг 0% дээр удаан барьсан, одоо нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Ажилгүйдлийн түвшин буурч эхэлснээр инфляци нэмэгдээд байгаа, бид бодлогын хүүг хэвийн түвшинд аваачиж байна. Хэрэв бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй бол инфляци хэт эрт өсч, орон сууцны зэрэг активын үнийн хөөсрөл үүсгэх аюултай. Хэрэв хэт хүчтэй нэмэгдүүлбэл дөнгөж сэргэж байгаа эдийн засгийг царцааж, инфляцийг зорилтот түвшингээс хүчтэй унагах эрсдэлтэй. Бид энэ хоёрын тэнцвэрийг олохоор ажилладаг. Үнэндээ өнгөрсөн жилүүдэд тэнцвэрийг нь олох зүйл үнэхээр байгаагүй, бодлогын хүүг 0% байлгах л сонголт байсан. 

- Эдийн засгийн нөхцөл байдал дээрдэж танай үндсэн зорилт болох ажилгүйдлийн түвшин буурч инфляцийн зорилт хангагдаж байгаа энэ цаг үед гадаад худалдааны бодлого өөрчлөгдөөд байна. ХНБ гадаад худалдаа, ханшийн бодлогыг гаргаж, хэрэгжүүлдэггүй ч гэсэн танай ажилд хэрхэн нөлөөлж байна вэ?

- Конгресс бидний хийх ёстой ажлыг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнд худалдааны бодлого багтдаггүй. Гэхдээ ХНБ-ны 12 салбараараа болон АНУ-ыг сүлжсэн бизнесийн болон академик харилцаа холбоогоороо дамжуулж мэдээлэл солилцож, судалгаа шинжилгээ хийдэг. Дэлхийн II дайнаас хойш АНУ тарифаа тогтвортой бууруулж, худалдааг дэмжих замаар өнөөгийн гадаад худалдааны бодлогыг бий болгож ирсэн. Энэ нь дэлхийн эдийн засагт ч эергээр нөлөөлсөн байх. Гэхдээ худалдаа орлогыг нэмэгдүүлдэг ч, бүх хүмүүст хүртээмжтэй байж чаддаггүй. Үүнтэй адил худалдааны явцад ашгаас арай дутуу хүртдэг бүлэг, хүн ам, газар нутаг үргэлж байсаар байдаг, энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Бидний хувьд цаашид юу болох нь тодорхойгүй байна. Бидэнд зөвхөн ажиглах л сонголт байна.

- Өнөөдрийн гадаад худалдааны бодлого хүмүүсийн болон бизнесийн араншинд нөлөөлж байна. Хэрвээ та фермерүүдтэй ярилцвал бүгд цаашид яах бол гэж эмээж байгаа. Танай үүрэгт ажил биш ч гэсэн, хэрэв худалдааны дайн эдийн засгийг доройтуулбал та нарт ямар зэвсэг байна вэ?

- Тэгэхээр, эрх бүхий байгууллагаас тарифыг бага түвшинд байлгаж ирсэн ч сүүлийн үед нэмэгдүүлж байгаа нь эдийн засагт эерэг, сөрөг нөлөөг үзүүлж байна. Давтаж хэлэхэд бид анхааралтай ажиглаж байгаа. Хэрэв бид аль нэг бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэггүй бол ХНБ түүнийг магтахгүй, мөн шүүмжлэхгүй. Бид тус бодлогыг өгөгдсөн нөхцөл гэж хүлээж авч өөрсдийн бодлогыг хэрэгжүүлдэг. Төсвийн болон гадаад худалдааны бодлогын хүрээнд ямар нэг зүйл хэлэх нь төдий л үр нөлөөтэй биш.Харин эдийн засаг хүндэрвэл бид бодлогын хүү гэсэн маш хүчтэй зэвсгээ ашиглана. Энд инфляцийг мэдээж анхаарна. Гэхдээ мөн тодорхойгүй нөхцөл байдлуудыг ярих хэрэгтэй учраас тэр бүгдийг тоочих шаардлагагүй болов уу.

- Тэгэлгүй яах вэ. Гэхдээ би танаас нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Төсвийн бодлогын хүрээнд Конгрессээс шинэ татварын хуулийг баталснаар манай төсвийн алдагдал болон өрийн хэмжээ нэмэгдэж байна. Мэдээж энэ талаар анхаарч, болгоомжилж байгаа зүйл та бүхэнд байгаа байх?

- Энэ асуултад богино болон урт хугацааны хүрээнд хариулъя. Богино хугацааны хувьд, өнгөрсөн жилийн сүүл болон энэ оны эхээр хийгдсэн татварын реформ АНУ-ын эдийн засгийн идэвхжлийг дараагийн жилүүдэд дэмжихээр харагдаж байгаа. Татварыг буулгавал худалдан авалт нэмэгддэг, улмаар эдийн засгийн эрэлтийн талыг дэмждэг. Энэ нь хамгийн багадаа 3 жилийн хугацаанд нөлөөлөх болно. Харин урт хугацаанд харвал хөрөнгө оруулалт нэмэгдэж, бүтээмж өссөнөөр нийлүүлэлтийн талд мөн эергээр нөлөөлнө. Гэхдээ энд тэмдэглэхэд эдгээрт тодорхойгүй байдал ихээр нөлөөлдөг.АНУ-ын төсвийн тогтвортой байдал хүн амын насжилт, хөгшрөлт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцооноос хамаарч байна. Манайд эрүүл мэндийн үйлчилгээний үнэ бусад хөгжсөн орнуудтай харьцуулахад өндөр байна.

- Ярилцлагаа төгсгөж, дахин асуухад – та ХНБ-ыг ил тод, нээлттэй болгоход ихээхэн чармайн ажиллаж байгаа. Гэхдээ эдийн засгийг улс төржүүлэх явдал ажиглагдаж байгаа. Энэ нь та бүхний ажилд хэрхэн нөлөөлж байна вэ?

- Миний нэг гайхалтай ментор, хамтран зүтгэгч маань “удирдаж чадах зүйлээ л удирдацгаая” гэж хэлдэг байсан юм. Бидний хувьд ХНБ-ны чиг үүрэг, үйл ажиллагаа бол бидний удирдаж чадах зүйл. Түрүүн дурдсан ХНБ-ны хийдэггүй болон ярьдаггүй зүйлс бол бидний удирдаж чадахгүй зүйлс. Конгрессийн өгсөн үүрэг даалгаврын дагуу бид ажлаа улс төрийн асуудлаас ангид, улс төрөөс бүрэн хамааралгүй явуулж байгаа. Бидэнд улс төрөөс хараат бус ашиглаж болохуйц зэмсгүүд байна. Би болон миний хамтран зүтгэгч нар зорилтоо биелүүлэхийн тулд анхаарч ажиллаж байгаа.

- Ноён Пауэлл танд баярлалаа.

 

Эх сурвалж: “Монголбанкны мэдээлэл” товхимол №21