Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Галт уулын дэлбэрэлт Наполеоны уналтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Индонезид болсон галт уулын хүчтэй дэлбэрэлтийн нөлөөгөөр үүссэн чийглэг, усархаг нөхцөл байдал Наполеон Бонапартыг Ватерлогийн тулаанд ялагдахад хүргэсэн гэх дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.

Европын түүхийг өөрчилсөн томоохон тулаанаас хоёр сарын өмнө Индонезийн Сумбава арлын Тамбора галт уул дэлбэрэхэд 100,000 орчим хүний амь үрэгдэж, их хэмжээний үнс тортгийг 100 км хүртэл өндөрт цацсан гэдэг.

Энэ үед цэнэгжсэн үнсний ширхэгүүд агаарын ионосферийн давхаргад хүрснээр цахилгаан гүйдлийн “богино холболт” маягийн үзэгдэл үүсгэж, асар их үүлсийг бүрдүүлсэн хэмээн Лондоны Империал Коллежийн судлаачид дүгнэжээ.

Ингэж бүрэлдсэн хурын их үүлс Европыг нөмөрснөөс хүчтэй аадар бороо орж, Францын эзэн хааны тулалдах хүчийг үлэмж хэмжээгээр сулруулсан байна.

Судалгааг ахалсан доктор Мэттью Йенж “Өмнө нь геологичид галт уулын үнс нурам атмосферийн доод давхаргад үлдсэн гэж боддог байв. Харин манай судалгаагаар үнс атмосферийн дээд давхаргад хүрсэн байна” гэжээ.

Тэд компьютер загварчлал ашиглан галт уулын дэлбэрэлтийг зохиомлоор үүсгэн туршихад метрийн саяны нэгээс ч бага диаметртэй цэнэгжсэн хэсгүүд ионосферийн давхаргад хүрснийг тогтоосон байна.

Үүний үр дүнд ховор тохиолдох их хэмжээний хурын үүлс бий болсныг “Geology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлжээ.

Яг ийм үзэгдэл 1991 онд Филиппиний Пинатубо галт уулыг дэлбэрэхэд ажиглагдаж байсан гэнэ.

Доктор Йенж “Виктор Хюго ‘Шоовдорлогдсон хүмүүс’ романдаа Ватерлогийн тулааныг ‘Цаг улиралдаа тохиромгүй их үүлс тэнгэрт хуралдсан нь дэлхийг сүйрүүлэхэд ч хангалттай байлаа’ гэж дүрсэлсэн байдаг. Одоо бид дэлхийн нөгөө талд болсон тулаанд Тамборагийн үзүүлсэн нөлөөг ойлгоход нэг алхам ойртлоо” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: Independent