Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: 2019 онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр ОУВС-тай тохиролцсон

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийн нөхцөл байдал болон ОУВС-тай хийсэн сүүлийн уулзалтаар тохиролцсон асуудлуудыг танилцуулж мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт эхний хагас жилийн байдлаар 6.3 хувьтай болж, эхний долоон сарын байдлаар төсвийн орлого 589 тэрбум төгрөгөөр давж биелсэн гэх мэдээллийг Сангийн сайд өглөө.

Үргэлжлүүлэн тэрбээр "ОУВС-ийн ажлын хэсэг Монголд ирж ажилласан. Энэ үеэр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал дээр хоёр тал бүрэн ойлголцсон. 2018 онд төсөвт суусан эх үүсвэрийнхээ хүрээнд цалинг нэмнэ. 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхээр ОУВС-тай ойлголцож тохиролцсон байгаа.

ОУВС-аас Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл, төсвийн сахилга бат сайн байгаа болон өр барагдуулах ажлыг идэвхтэй хийж байгааг үнэлсэн.

2017 оны аравдугаар сарын 24-нөөс хойш Засгийн газар гаднаас нэг ч долларын өндөр хүүтэй арилжааны зээл аваагүй байгаа. Дотооддоо арилжааны банкууд болон иргэн ААН-ээс нэг ч төгрөгийн зээл мөн аваагүй. Тэгэхээр түрүүн танилцуулсан давсан орлогоороо төсвийн алдагдлыг санхүүжүүлж, зээл авахгүй байхад зарцуулж байна. 

УИХ 2018 оны төсвийг батлахдаа Засгийн газарт 1.4 их наяд төгрөгийн зээл авах зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 1.4 их наяд төгрөгийн зээл авч болно гэсэн үг. Гэсэн ч Сангийн яамны зүгээс төсвийн сахилга батыг чанд баримталж, давсан орлогоороо алдагдлаа нөхөөд явж байгаа" хэмээн ярилаа.