Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын сэлэгч 16 жилийн хугацаанд анх удаа дэлхийн дээд амжилтыг Азийн Наадамд эвдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад зохиогдож байгаа Азийн 18 дугаар Спортын Наадмын усанд сэлэлтийн тэмцээнүүд Мягмар гарагт үргэлжиллээ.

Өчигдөр Хятадын 21 настай Лю Шиань эмэгтэйчүүдийн араар даллах 50 метрийн сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвджээ.

Тэр уг төрөлд 26.98 секундээр барианд орсон нь 2009 онд Ромд болсон ДАШТ дээр мөн Хятадын тамирчин Жао Жиний тогтоосон 27.06 секундын амжилтыг ахиулсан хэрэг байв.

Ингэснээр Азийн Наадмын усанд сэлэлтийн тэмцээнд 2002 оноос хойш анх удаа дэлхийн дээд амжилтыг эвдсэн тохиолдол болжээ.

Энэ удаагийн Азийн Наадмын усанд сэлэлтийн тэмцээнүүдийн алтан медалиудыг Хятад, Японы тамирчид хуваан авсаар байгаа. Өчигдрийн долоон уралдааны дөрөвт Хятадууд тэргүүлснээр хоёр орны дундах нийт алтан медалийн харьцаа 11:10 болж, Хятадууд хошуучилж эхэлжээ.

Хятадын супер од Сүн Ян өчигдөр эрэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль зүүсэн нь түүний энэ наадмаас авсан гурав дахь алт байв.

Японы тамирчдыг тэргүүлж байгаа Рикако Ике өчигдөр дөрөв дэх алтан медалиа эмэгтэйчүүдийн 50 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд түрүүлж зүүсэн юм.