Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын прокурор анх удаа улс төрийн хэргээр эмэгтэй хүнд цаазын ял төлөвлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын прокурор хүний эрхийн төлөө тэмцэгч таван хүнд цаазын ял төлөвлөснийг Human Right Watch (HRW) байгууллага мэдээлжээ.

Тэдний дотор Исра аль Гомгам хэмээх 29 настай эмэгтэй байгаа нь тус улсын хувьд анх удаа улс төрийн тэмцэгч эмэгтэйд цаазын ял оноосон тохиолдол болох гэж байна.

Түүнийг тэмцэгчдэд санаа сэдэл өгсөн, бослого хөдөлгөөн уриалсан гэж буруутгажээ. Саудын Арабт цаазын ялыг гүйцэтгэхдээ сэлмээр толгойг нь цавчдаг.

Лондонд төвтэй Саудын хүний эрхийн ALQST байгууллага дээрх шийдвэр энэ долоо хоногийн эхээр гарсныг баталсан байна.

Сошиал сүлжээнд цаазын ялыг гүйцэтгэсэн гэх мэдээлэл тарсан бол HRW зэрэг байгууллагууд үүнийг үгүйсгэж, шүүх ажиллагаа үргэлжилж байгааг мэдээлжээ.

Хэмжээлшгүй эрхэт хаант засагтай Саудын Арабт улс төрийн намын үйл ажиллагаа, олон нийтийн тэмцэл хөдөлгөөнийг хатуу хориглодог. Исра аль Гомгам нь Саудын шийт шүтлэгтэй, нэртэй тэмцэгч бөгөөд тус улсын зүүн Катиф мужид 2011 оноос эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг баримтжуулах ажлыг гүйцэтгэж байжээ.

Тэр 2015 оны сүүлээр нөхрийн хамт гэрээсээ баривчлагдсан юм.

Исламын шашны суннит урсгалыг голлон шүтдэг Саудын Арабын шийт шүтлэгтэн цөөнх тус улсын газрын тосоор баян зүүн Катиф мужид төвлөрөн суудаг.

Суннит удирдагчид шийт цөөнхийн шашны зан үйлийг хориглож, ажиллах, боловсрол олж авах боломжийг нь зориуд хаадаг гэлцдэг.

Саудын Арабт өмнө нь шийтүүдийн нөлөө бүхий тэмцэгчийг улс төрийн хэргээр яллан цаазалж байсан юм. Үүний дараа тус улсын шийтүүд болон Саудын Арабын гол өрсөлдөгч Ираны засгийн газар эсэргүүцлээ илэрхийлж, бүс нутагт тогтворгүй байдал үүсч байв.

 

Эх сурвалж: The Guardian