Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Майкл Коэн Трампын заавраар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгч асан Майкл Коэн 2016 оны сонгуулийн өмнө Трампын заавраар хоёр эмэгтэйн “амыг барих”-ын тулд мөнгө өгснөө өчигдөр шүүхийн өмнө хүлээжээ.

Манхеттэны холбооны шүүх түүнийг татвараас зугтсан, банкаар луйврын гүйлгээ хийсэн, сонгуулийн санхүүжилтын хууль зөрчсөн зэрэг нийт 8 хэрэгт буруутгасан юм. Улмаар 5 хүртэл жил шоронд хоригдох ял сонсох болоод байв.

Гэтэл Коэн урьд өмнө мэдүүлж байснаасаа буцаж, бүх бурууг ерөнхийлөгч рүү чихсэн байна.

Үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө яллах боломжгүй ч Конгресс огцруулах (impeachment) үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэйг үндсэн хуульд заасан байдаг.

Майкл Коэны буулт бас ерөнхийлөгч Трампын улс төрийн нэр хүндэд муугаар нөлөөлж, ирэх арваннэгдүгээр сард болох конгрессийн сонгуулиар хоёр танхимд хяналт тогтоох зорилготой Ардчилсан Намынханд дэмжлэг болохоор байна.

Коэны мэдүүлснээр тэр Трампын шууд заавраар порно киноны од Сторми Даниэлзд $130,000, Playboy сэтгүүлийн модель Карен Макдугалд $150,000-ыг сонгуулийн үеэр чимээгүй байсных нь төлөө төлсөн гэнэ. Тэдгээр эмэгтэйчүүд Дональд Трамптай дотно харилцаанд орж байснаа зарлаад байгаа. Харин Трамп өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Коэн өөрөө шууд ерөнхийлөгчийн нэрийг дурдаагүй ч түүний өмгөөлөгч Лэнни Дэвис үйлчлүүлэгчээ АНУ-ын ерөнхийлөгчийн тухай ярьж байгааг сүүлд баталсан байна.

“Хэрвээ Майкл Коэн ийм мөнгө төлснийг гэмт хэрэгт тооцож байгаа бол Дональд Трампын хувьд гэмт хэрэг болох уу?” гэж тэр хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Шийдвэр гарах үед Уэст Виржиниад сонгуулийн ажлаар явж байсан Дональд Трамп энэ тухай ганц ч үг унагаагүй байна. Харин түүний хуульчдын нэг Руди Жюлиани Коэныг “зальтай бяцхан харх” гэж нэрлээд түүнийг байнга худлаа ярьдаг хүн гэж тодорхойлжээ.

АНУ-ын сонгуулийн хуулинд сонгуулийн сурталчилгааны ажилд зарцуулагдсан, сонгуулийн үр дүнд нөлөөлөхөд чиглэгдсэн мөнгө бүрийг тайлагнах ёстой гэж заасан байдаг.

Тэгвэл бүсгүйчүүдийг чимээгүй байлгахын тулд төлсөн мөнгө нь сонгуулийн ажиллагаанд зарцуулагдсан, тайлагнах ёстой мөнгө болж байгаа юм.

Коэны мэдүүлэг ирэх сонгуулийн үр дүнд нөлөөлж, Ардчилсан Намынхан төлөөлөгчдийн танхим, сенатын танхимд хоёуланд нь нөлөөтэй болбол Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулах ажлыг санаачилж чадна.

Майкл Коэныг яллах шүүх хурал арванхоёрдугаар сарын 12-нд товлогдож, батлан даалтын мөнгийг $500,000-аар тогтоожээ.

 

Эх сурвалж: Reuters