Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд урт наслахын тулд хэр их нүүрс-ус хүнсэнд хэрэглэхийг тооцоолжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хоол хүнсэндээ ямар дэглэм барих нь хүмүүсийн хувьд мөнхийн маргаан болдог. Сүүлийн үед хүнсэндээ нүүрс-ус (carbohydrate) бага хэрэглэж, уураг тос түлхүү хэрэглэснээр жингээ хасах боломжийг нэлээд ярьдаг болсон.

Өөрөөр хэлбэл гурил, будаа мэтийн хүнс, чихэрнээс татгалзаж, мах болон хүнсний ногоо хэрэглэх тухай юм.

Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт “The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд нүүрс-усыг огт хаялгүй, хэмжээг нь тааруулж хэрэглэвэл эрүүл мэндэд тустайг мэдээлжээ.

Бостон хотын Brigham and Women’s Hospital эмнэлгийн шим тэжээлийн судлаач Сара Сэйделманы ахалсан судлаачдын баг АНУ-ын насанд хүрсэн 15,400 хүн, дэлхийн 20 улсын 432,000 хүний хоолны дэглэмийг шинжилсэн байна.

Ингэхдээ хүмүүсийн хүнс тэжээлийн найрлагыг нь тэдний наслалтай холбож судалсан гэнэ.

Үр дүнд нь нүүрс-усны зохистой харьцаа нь хүмүүсийг урт наслуулж байгааг илрүүлсэн байна. Өдөр тутмын хоол хүнснийх нь 70-аас дээш хувийг, эсвэл 40-өөс бага хувийг нүүрс ус эзэлдэг хүмүүс тохируулж хэрэглэдэг хүмүүсээс богино насалж байжээ.

Өөрөөр хэлбэл нүүрс-усны хэрэглээ хэт их, хэт бага байх нь эрүүл мэндэд муу гэсэн үг. Хамгийн зохистой харьцаа нь өдөр тутмын хүнсний 50-55 хувийг нүүрс-ус байлгах гэнэ.

Тодруулбал 50 настай хүн хүнснийхээ 50-55 хувьд нүүрс-ус авч байвал 33.1 жил нэмж наслах бол 30 хүрэхгүй хувийг авч байгаа хүн 29.1 жил нэмж наслана гэж дүгнэжээ.

Гэхдээ нүүрс усыг багасгасан тохиолдол бүхэн муу биш гэдгийг судалгаа бас харуулсан байна.

Нүүрс-усны хэрэглээг багасгаж, уураг тос түлхүү хэрэглэхдээ амьтны гаралтай уураг тос (хонь, үхэр, гахай, тахиан мах гэх мэт) голчлон хүнснээс авч байвал наслалт богиносож, хүнсний ногоо, самар, самрын тос, бүхэл үрийн гурилнаас уураг тосны хэрэгцээг авч байвал урт наслаж байгааг ажигласан байна.

Аль ч тохиолдолд богино хугацаанд нүүрс-усны хэрэглээг багасгаж жингээ хасах боломжийг буруутгаагүй бөгөөд харин урт хугацаанд ийм дэглэм хэрэгжүүлбэл эрүүл мэндэд муу гэж үзэж байгаагаа Сэйделман хэвлэлд ярьжээ.

Судалгааны дэлгэрэнгүй тайлантай энэ холбоосоор танилцаж болно.

 

Эх сурвалж: Business Insider