Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн ЕБС-ууд аз жаргал, амьдрах ухааны хичээлийг хөтөлбөртөө нэмлээ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Image: Reuters/Ajay Verma

БНЭУ-ын Засгийн газар өнгөрсөн сард ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртөө "аз жаргал"-ын хичээл нэмснээ зарласан юм.

Тодруулбал, улсын сургуулийн бага ангиас дунд анги буюу 14 нас хүртэлх бүх сурагчдад өдөр бүр аз жаргал, амьдралын ухааны талаар хичээл орохоор болсон байна.

Нийт 45 минут үргэлжлэх тус хичээлээр бясалгал, йога, янз бүрийн хүмүүсийн амьдралын түүх болон дасгал заах ажээ. Тус хичээлийг судалсны дараа ямар нэгэн шалгалт, сорил шаардагдахгүй бөгөөд тодорхой хугацааны дараа багш нар сурагчдын аз жаргалын индексээр хүүхдэд тус хичээл хэрхэн нөлөөлж, аз жаргалын түвшин нь дээшилж байгаа эсэхийг гаргаж ирэх юм.

Аз жаргал, амьдралын ухааны энэхүү хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгах санааг Дели хотын орлогч сайд болон Боловсролын сайдын албан тушаалыг хашдаг Маниш Сисода санаачилжээ. Тэрбээр тус хичээлийн талаар "Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улс аж үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг хангалттай бэлтгэсэн. Гэвч бид хүмүүнлэг, сайн иргэдийг одоог хүртэл хангалттай бэлтгэж чадахгүй байна" гэжээ.

Мөн тэрбээр "Боловсрол нь нийгэмд ёс суртахуун болон хүмүүнлэгийн талаас үйлчилгээ үзүүлэх ёстой институц юм. Бид эдийн засгийн тэгш байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө тэмүүлдэгтэй адил бүх хүн тэгш эрх, аз жаргал, энх тайвны төлөө тэмүүлэх хэрэгтэй" хэмээн нэмж хэлсэн байна. 

Тус шинэ хичээлийн хөтөлбөрийн нээлтийг өнгөрсөн долоодугаар сарын 2-ны өдөр Далай Лам нээсэн юм. Энэтхэгийн эрх баригч "Аам Аадми" намын хувьд энэхүү үйл явдал нь хүнд дарамт шахалтын дор байдаг тус улсын боловсролын системийг хөнгөвчилж, шинэчлэл авчрахын эхлэл болж байгаа талаар энэтхэгчүүд ярьжээ.

 
Image: Aam Aadmi Party

Тус улсын боловсролын чанар тийм ч сайн биш бөгөөд багш нарын хичээл заах аргачлал сул байхын хэрээр хүүхдүүдийн чанартай боловсролын хүртээмж муу байдаг байна. Үүнийг Энэтхэгийн 14-18 насны хүүхдийн 25% нь сургуулийн наймдугаар ангийг дүүргэсэн ч өөрийн эх хэл дээрээ зөв унших тал дээр бэрхшээлтэй байдаг гэсэн судалгааны үр дүн нотолж байгаа юм.

Мөн Энэтхэгийн их сургуулиуудад элсэхэд өндөр оноо шаардагдаж, өрсөлдөөн их байдаг тул оюутнууд шалгалтанд янз бүрийн аргаар булхайцах явдлууд их гаргадаг байна.

Аз жаргал, амьдрах ухааны талаар зөвхөн БНЭУ боловсролын хөтөлбөртөө нэвтрүүлсэн анхны тохиолдол биш юм. АНУ-ын их, дээд сургуулиудаас дээгүүр эрэмбэлэгддэг Иэлийн их сургууль ч мөн сэтгэл зүй, аз жаргал, амьдралын арга ухааны ангийг оюутнууддаа санал болгодог. Тус хичээлийг жилд 1,100 гаруй оюутан сонгон судалдаг нь 1701 онд байгуулагдсанаас хойш Иэлийн их сургуулийн түүхэн дэх хамгийн их оюутан авсан хичээлээр шалгардаг байна.

 

 Эх сурвалж: Weforum.org