Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жигжиднямаа: Зорчигчдын хоёр, тээшийн нэг вагон ашиглагдах боломжгүй болсон

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа өнөөдөр төмөр замд гарсан ослын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Ослын дараа таныг "ажлаа өгөх хүсэлт гаргасан, гаргаагүй" гэх мэдээллүүд тарж байсан. Энэ тухайд тайлбар өгөөч?

- Ер нь өнгөрсөн долоо хоног нэлээд хүнд байлаа. 747 дугаар км дээр гарсан ослын дараа штабын ажлыг би өөрийн биеэр удирдаж, бусад албадын хоорондын уялдаа холбоо, хэрэгцээтэй бараа материалаар хангах гэх мэт асуудлууд дээр ажиллаж байсан. Тэр үед өөрийнхөө ажлаас чөлөөлөгдөх, байгаа нөхцөл байдлыг орхиод явах тийм сэтгэл надад байгаагүй. 

Уг нь би өнөөдөр та бүхэнтэй Жигжиднямаа гэж хүний хувийн асуудалыг ярих биш болсон үйл явцын талаар мэдээлэл өгье гэж бодсон. Асууж байгаа бол би хариулая. Би өргөдөл өгөөгүй. 

Ослын шалтгаан үер уснаас болсон гэсэн дүгнэлттэй байгаа. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан зүйл байхгүй гэсэн дүгнэлттэй учраас хэн нэгэн хүний болон өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж үзэж байна. 

- Замаас гарч унасан зүтгүүр, вагонуудыг дахин ашиглах боломжтой юу?

- Таван бүрэлдэхүүний асуудал байгаа. Тээшийн вагон нэг, хоёр зорчигчдын вагон, хоёр секц зүтгүүрийн асуудал байна. Зорчигчдын болон тээшийн вагонууд ашиглагдах боломжгүй болсон. 

Хоёр загал 009 гэсэн зүтгүүрийн хувьд өнөөдөр сүүлийн секц нь дугуйн дээрээ босч байгаа. Депод оруулаад мэргэжилтнүүд бүрэн байдлаар магадлагаа хийнэ. Зүтгүүрийг цаашид ашиглах боломжтой эсэх нь мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр тодорхой болно. Ашиглаж болохгүй гэсэн тохиолдолд сэлбэгийн асуудал яригдана. Тэгэхээр мөнгөн дүн одоо яригдах боломжгүй гэсэн үг. 

- Хөдөлгөөн саатсантай холбоотойгоор гарсан хохирлыг тооцоолсон уу?

- Мэдээж хэрэг хөдөлгөөн 30 гаруй цаг саатсан учраас хохирол гарах нь тодорхой. Ачаагаа цаг хугацаанд нь хүргэх боломжгүй болох нөхцөл үүссэн. Зорчигч тээврийн хувьд осол гарсан хэсгээс бусад хэсэгт тээвэр хэвийн үргэлжилж хаасан замд зорчигчдыг автобусаар тээвэрлэсэн. 

Дээрх нөхцөл байдлуудтай холбогдуулан хохирлыг тооцоолох ажил үргэлжилж байгаа. Эцсийн байдлаар тооцоолол гараагүй байна. 

- Дахиад ийм осол гарахгүй гэх баталгаа байгаа юу?

- Төмөр зам жил бүрийн хавар үер усны аюулаас сэрэмжлүүлсэн тушаал гаргадаг. 

Энэ оны гуравдугаар сард мөн тушаал гарч холбогдох ажилтнуудад замын суурь бүтцийн шалгалтыг тогтмол хийх үүргийг өгсөн. Өдрийн цагаар төмөр замын тор засагч нар тороо засахаас гадна замын нөхцөл байдыг шалгаад явдаг. Дээрээс нь бороотой, үер болох эрсдэлтэй үед хариуцаж буй ажилтнууд нь тодорхой хэсэг хэсэг газруудын байдалтай танилцаад явдаг. Үүнийгээ хийж байсан. 747-р км-ийн хэсэг бол гуравдугаар сард гарсан тушаал дээр онцгой анхаарах талаар заасан байсан. 

12-ны өдрийн хувьд зурвас газар бороотой гэх мэдээлэл 15:40 цагт хэсэг хариуцсан мастерт ирсэн байсан. Ингээд мастер ажилтнуудаа зам руу явуулсан байна лээ. Эргүүлүүдийн машин шаварт суусан учраас явганаар эргүүлээ хийгээд явж байхад осол гарсан.  

747-р км-ийн хэсгээр осол гарахаас 20 минутын өмнө 33 дугаар галт тэрэг явж өнгөрсөн. Мастер 33 дугаар галт тэрэгний машинчтай холбогдож замын нөхцөл байдлыг тодруулахад, "Багахан хэмжээний бороо орж байна. Замын байдал хэвийн байна" гэсэн мэдээлэл өгсөн. Үер 20 минут хүрэхгүй хугацаанд орж ирсэн байгаа юм. Богино хугацаанд тиймэрхүү хэмжээний их устай бороо орохыг тааж мэдэх боломжгүй байсан.

- Төмөр замд дэр модны асуудал байнга яригддаг. Уг осол гарахад дэр модны нөлөө байсан байж болох уу?

- Манай суурь бүтцийн байдал сайнгүй байгаа. Замын ихэнх хувь нь хуучны модон дэртэй, шороон чигжээстэй. Гол замын 400 гаруй км-т их засвар хийгдэж дуусаагүй, хуучин дэр модтойгоо байгаа. Осол гарсан замд хамгийн сүүлд 1997 онд их засвар хийгдсэн. 

Дэр модны аж ахуйн хувьд байдал нэлээн хүнд байгаа. Гол замаа төмөр бетон дэртэй, хайрган чигжээст рүү шилжүүлж амжаагүй. Тэгэхээр эрсдэл байж болохыг үгүйсгэхгүй.