Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг шинэ рекламандаа Apple-ийг “доош нь хийв”

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Самсунг компани саяхан шинээр гаргаад байгаа Galaxy Note 9 ухаалаг гар утасныхаа хоёр видео рекламыг цацжээ.

Эдгээр сурталчилгаанууд дээрээ тэд өрсөлдөгч Apple руу довтолсон утга агуулгыг ил тод харуулсан байна.

Эхний реклам дээр нэгэн хэрэглэгч Apple-ийн худалдааны мэргэжилтэнтэй ярилцаж байгааг харуулжээ.

Тэдний хооронд Galaxy Note 9, iPhone X-ийн аль нь илүү болох талаар яриа өрнөж байна. Apple-ийн ажилтан өөрийнх нь бүтээгдэхүүн нүүрээр нь эзнээ таньж дэлгэцээ нээдгийг тайлбарлахад хэрэглэгч “наадах чинь Note 9-д бас байдаг шүү дээ” гэж хариулна. Хэлэх үггүй болсон ажилтан хэсэг гацсанаа FaceTime буюу дүрсээ харж ярих үйлчилгээ iOS 12-оос эхэн 32 хүнтэй зэрэг холбогдох чадвартай болсныг хэлжээ.

Гэтэл хэрэглэгч “ингэх ямар хэрэгтэй юм бэ?” гэж асуухад ажилтан хэлэх үггүй болж байгааг харуулсан байна.

Хоёр дахь рекламанд мөн ажилтан, хэрэглэгч хоёрын хооронд яриа өрнөж байгааг харуулжээ. Хоёр бүтээгдэхүүн юугаараа ялгаатай болохыг хэрэглэгч асуухад ажилтан Apple Pencil буюу үзэг нь зөвхөн iPad-тай ажилладаг болохыг хэлж байна.

Galaxy Note 9-ийн S Pen нь үүгээрээ давуу болохыг харуулжээ. Харин iPhone X дээр ямар үзэг хэрэглэхийг хэрэглэгч асуухад ажилтан хуруугаа ашиглахыг зөвлөж байгааг харж болно.

Самсунг Электроникс Galaxy Note цувралаа жил бүрийн наймдугаар сард зарладаг нь есдүгээр сард iPhone зарлагдахаас өмнө зах зээлийг түрүүлж эзлэх зорилготой. Тиймээс реклам сурталчилгаа нь ч ийм түрэмгий агуулгатай байгаа бололтой.

 

Эх сурвалж: BGR News