Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн хүн ам өнөөдөр 25 саяд хүрнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Австралийн статистикийн товчоо өнөөдөр буюу Мягмар гарагийн оройн 11:00 цагт тус улсын хүн ам 25 саяд хүрнэ гэж тооцоолжээ.

Шинэ төрсөн, нас барсан, цагаачилж ирсэн, явсан хүмүүсийг тооцож үзэхэд Австрали улсын хүн ам 83 секунд тутамд нэг хүнээр нэмэгдэж байгаа гэнэ.

Тус улсын хүн амын тооны урьдчилсан төсөөлөл байнгын алдаатай тооцоологдож байна. Тухайлбал 1998 онд Австралийн статистикчид 2051 онд хүн амаа 23.5 саяд хүрнэ гэж тооцоолж байв. Гэтэл 2014 оны дундуур буюу төсөөлж байснаас 33 жилийн өмнө энэ хэмжээнд хүрсэн юм.

Өнгөрсөн онд Австралид 111,000 нарийн мэргэжлийн цагаач ирсний 87 хувь нь тус улсын хамгийн том хоёр хот болох Сидней, Мелбурнд суурьшжээ.

Өнөөдөр өглөө иргэншлийн асуудал хариуцсан сайд Алан Таж тус улсын бизнесийн зөвлөлд үг хэлэхдээ энэ тухай мэдээлсэн байна.

Тэр Австрали улсад нарийн мэргэжлийн цагаачид маш их хэрэгтэй байгааг онцлоод гэхдээ тэдний суурьшлын нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ. “Хэрвээ цагаачид орон даяар тэгш хуваарилагдан суурьшвал Мелбурн, Сиднейд өнөөдөр тулгараад байгаа шиг асуудлууд үүсэхгүй. Гэтэл тэд бараг бүгд энэ хоёр том хотод суурьшаад байна. Австралийн бусад хэсгүүдэд хүн маш их хэрэгтэй байгаа. Өмнөд Австралийн захирагч Стивен Маршалл жишээ нь жилд 15,000 цагаач авах хүсэлтэйгээ надад хэлсэн” хэмээн тэр ярьсан байна.

Таж ур чадвартай цагаачид Австралид их хэрэгтэй байгааг батлаад хүн амын тоо 1 хувиар нэмэгдэхэд тус улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүн мөн 1 хувиар өсөх тухай тооцооллыг танилцуулжээ.

“Бид энэ дэлхийн хамгийн шилдэг, хамгийн чадвартай хүмүүсийг авах хүсэлтэй” гэж Алан Таж хэлсэн байна.

Австралид цагаачлагчдыг өнгөрсөн онд 38.9 мянган хүнээр Энэтхэгчүүд тэргүүлж, 28.3 мянгаар Хятадууд удаалжээ.

Эхний арван оронд тэдгээрийн араас Их Британи, Филиппин, Пакистан, Вьетнам, Өмнөд Африк, Балба, Малайз, Ирландын цагаачид жагссан байна.

 

Эх сурвалж: The Guardian