СУДАЛГАА: Эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их цагийг гэрийн ажилд зарцуулж байжээ
Үндэсний статистикийн хороо Цаг ашиглалтын судалгааг дөрвөн жил тутамд нэг удаа хийдэг. Тэгвэл энэ судалгааг 2019 онд хийхээр төлөвлөн, бэлтгэж эхэлжээ.
Хамгийн сүүлд хийсэн “Цаг ашиглалатын судалгаа-2015” -ын инфографикийг танилцуулъя.
2015 онд хийсэн энэхүү судалгаанд 3,990 өрхийн 13,626 хүн хамрагджээ. Үүний 30.4 хувь нь нийслэл, 21.4 хувь нь аймгийн төв, 24.3 хувь нь сумын төв, 23.9 хувь нь хөдөөд амьдардаг өрхүүд байсан аж. Судалгааны сонирхолтой үзүүлэлтүүдийг товчлон хүргэвэл:
- Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүд долоо хоногийн нэг өдөрт хөлстэй хөдөлмөрт 7 цаг, эмэгтэйчүүд 5 цагийг зарцуулж байгаа нь 2011 оны судалгааны үеэс тус бүр 1 цагаар нэмэгдсэн үзүүлэлт.
- Хөлстэй ажил эрхлэхэд долоо хоногийн нэг өдөрт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 цагаар, хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 цагаар илүү цагийг зарцуулж байжээ.
- Гэрийн ажилд эмэгтэйчүүд өдрийн нийт цагийнхаа 14.2 хувь буюу 205 минутыг, эрэгтэйчүүд ердөө 4.7 хувь буюу 67 минутыг л зарцуулж байсан буюу эмэгтэйчүүд эрчүүдээс 3 дахин их цагийг гэрийн ажилд зарцуулдаг байна.
- Түүнчлэн хотын залуучууд долоо хоногийн нэг өдөрт сурч боловсрох үйл ажиллагаанд 176 минут зарцуулсан бол хөдөөгийн залуучуудынх 77-87 минут байжээ.
- Хүн амын цаг ашиглалтанд боловсролын түвшний ялгаа нилээд их байжээ. Тухайлбал, магистр, докторын зэрэгтэй хүмүүс хөлстэй ажил эрхлэхэд зарцуулсан цагийнхаа 78.1 хувийг байгууллага болон хувь хүнд ажил эрхлэхэд зарцуулсан бол боловсролгүй хүмүүс 83.5 хувийг өрхөөрөө болон хувиараа анхан шатны боловсруулах үйлдвэрлэл эрхлэхэд зарцуулсны 78.3 хувь нь мал аж ахуй эрхлэхэд зарцуулж байжээ.
- Чөлөөт цаг, спортын үйл ажиллагааны 80-аас дээш хувийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээ эзэлж байгаа бөгөөд энэхүү хэрэглээ нь хүйсээр ялгаатай харагдаж байна.
- Эрэгтэйчүүд ном, сонин унших, радио сонсох, телевиз үзэх, компьютер, утас ашиглах, интернэтэд орох зэрэг ажилд өдрийн нийт цагийнхаа 9.0 хувь буюу 130 минутыг зарцуулдаг бол эмэгтэйчүүд 7.4 хувь буюу 107 минутыг зарцуулж байв.
- Харин хүүхэд, залуучууд энэ үйл ажиллагаанд өдөрт 2-оос дээш цагийг зарцуулж байжээ.
Хөлстэй ажил эрхлэхтэй холбоотойгоор ажилдаа ирж очих замд хот, суурин газарт 39-48 минут, хөдөө орон нутагт 20-28 минутыг зарцуулж байсан бол суралцахтай холбоотойгоор хүүхдүүд хот, суурин газарт 31 минут, хөдөө орон нутагт 27-30 минутыг ирж очих замд зарцуулж байсан байна.
Өмнөх оны судалгааны дүнтэй харьцуулахад нийт өрхөд гэр ахуйн цахилгаан бараа хэрэглэдэг өрхийн тоо өссөн байгаа бөгөөд энэ өсөлт хөдөө орон нутагт өндөр байжээ.
Харин эдгээр үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөнийг ирэх жилийн судалгаа харуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
