Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоган Турк дэх АНУ-ын хөрөнгийг царцаах шийдвэр гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган тус улс дахь АНУ-ын Хууль зүйн болон Дотоод хэргийн яамдын өмч хөрөнгийг битүүмжлэх зарлиг буулгажээ.

Туркийн эрх баригчдын эсрэг өнгөрсөн долоо хоногт Вашингтоны авч хэрэгжүүлсэн эдийн засгийн хоригийн хариу алхам энэ байв.

Вашингтоны хоригт Туркийн Хууль зүйн сайд, Дотоод хэргийн сайд нар багтсан юм.

“Санваартан Брансоны хэрэг явдалтай холбогдуулан АНУ-ын хэрэгжүүлсэн сүүлийн алхам нь стратегийн түншүүдийн хувьд байж боломгүй үйлдэл юм. Бид өчигдөр оройг хүртэл үүнийг нь тэвчиж байлаа. Харин өнөөдөр би Турк дэх АНУ-ын Хууль зүй, Дотоод хэргийн яамдын өмч хөрөнгийг царцаах тушаал өглөө” хэмээн Эрдоган орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Тэр бас Вашингтоны засаг захиргааныхан Турк үндэстнийг хэл амаар сүрдүүлэн ухрааж няцааж болдог гэсэн буруу ойлголттой байгааг нь шүүмжлэн хэлсэн байна.

Туркэд сүүлийн 20 орчим жил амьдарсан шашны номлогч Эндрью Брансоныг 2016 оны төрийн эргэлтийг дэмжсэн шалтгаанаар Анкарагийн эрх баригчид баривчилж, хориод байгаа юм.

Хэрвээ түүний гэмт үйлдэл батлагдвал 35 хүртэл жил шоронд хоригдох ажээ.

NATO-гийн гишүүн, холбоотон хоёр орны нэгэнт муудаад байгаа харилцаанд Брансоны хэрэг нэрмээс болж байна. Анкарагийн Засгийн газар ОХУ-аас С-400 орчин үеийн агаараас хамгаалах систем худалдаж авахаар болсон нь Цагаан ордны эсэргүүцэлтэй тулгараад байна.

Хэрвээ Турк улс энэхүү зэвсгийг худалдаж авах гэрээг баталбал АНУ тэдэнд F-35 сөнөөгч онгоцоо нийлүүлэхгүй гэж сүрдүүлсэн юм.

 

Эх сурвалж: Hurriyet Daily News