Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар өвсний гарц сайтай, тэжээл сайн ургаж байна

A.Жаргал
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилтийн бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган, аймаг, нийслэл, сум дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ жил аймаг, нийслэл, сум, дүүргийн зайлшгүй бэлтгэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болгож 25,915 тонн өвс болон 14,735 тонн тэжээл бэлтгэх албан даалгавар ногдсон юм.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 935 мянган тонн хадлан бэлтгэсэн бөгөөд манай улс жилд нэг сая тонн хадлан бэлтгэвэл дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг байна.

Зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 30 хувь нь зуншлага хэвийн, 30 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь муу буюу бэлчээр тааруу, зуншлага муу гэсэн үнэлгээтэй байгаа аж.

Долдугаар сард орсон бороо ган тайлсан учраас ихэнх нутгаар хадлан бэлтгэх таатай боломж бүрджээ. Хадлангийн төв нь газар тариалангийн бүс нутгууд болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Архангай аймаг болон Булган, Дорнод, Сүхбаатар, есөн отрын бүс, хилийн зурвас юм.


Энэ сарын 1-ний байдлаар Баян-Өлгий зэрэг зарим аймгийн иргэд хадлангаа авч эхэлсэн. Баян-Өлгйи аймаг энэ онд 62,800 тонн өвс, 6,670 тонн гар тэжээл, 7345.3 тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөн баталжээ.

Аймгууд хадлангийнхаа дийлэнхийг наймдугаар сардаа багтаан авдаг. Зарим тохиолдолд есдүгээр сарын эхээр хадлан бэлтгэлийн ажил явагдаж, есдүгээр сарын 15-н гэхэд хадлангийн ажлын дүн гарна гэж тооцлоо. Өнөөдрийн байдлаар 36 мянган га талбайд малын тэжээл тариалсан. Орон нутгийн иргэд, бэлчээр ашиглагчдын хэсгүүдэд тэжээл тариалах боломжоор хангаж байгаа юм.

1961 онд 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 32 байсан бол өнгөрсөн онд 99 болж бэлчээрт үзүүлэх ачаалал 3.1 дахин нэмэгдсэн байна. Тиймээс үүссэн нөхцөл байдлын улмаас өвөл, хаврын улиралд мал өлдөх эрсдэлтэй тул тогтоосон хэмжээний өвс, тэжээлээр хангах ёстой байдаг байна. Адуу өдөрт биеийн жингийн хоёр, үхэр гурав, хонь 3.75, ямаа 3.5 хувьтай тэнцэх хэмжээний өвс идэж байх шаардлагатай бөгөөд энэ жишгээр тооцвол 400 кг жинтэй адуу өдөрт 9 кг, 300 кг жинтэй үхэр 10.5 кг, 30 кг жинтэй хонь 1.3 кг, мөн жинтэй ямаа 1.2 кг хуурай өвс идэх шаардлагатайг Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрууд анхаарч, тооцоолох хэрэгтэй аж.

Аймаг, сумын түвшинд хонь, ямаа, үхрийн 25-30 хувь, тэмээний таван хувь, адууны гурван хувийг нэмэгдэл тэжээлд оруулах нь зүйтэй.

"Гар аргаар тэжээл бэлтгэх аян" өрнүүлж, бэлтгэсэн тэжээлийг чанар аюулгүй байдлыг алдагдуулахгүй, горимын дагуу зөв хадгалж, хамгаалахад мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх үүргийг Аймаг, нийслэлийн ХХААГ хүлээж байгаа аж.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам