Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляцид нөлөөтэй 50 нэр төрлийн бараа, үйлчилгээний 72 хувь нь импортынх байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын айл өрхүүдийн өргөнөөр хэрэглэдэг гол нэрийн барааны үнэ инфляцад хэрхэн нөлөөлдөг талаар Үндэсний статистикийн хороо судалжээ. Гол нэрийн барааны үнийн инфляцад үзүүлэх нөлөөлөл ба богино хугацааны инфляцын таамаглал хэмээх энэхүү судалгаанд шинэлэг бөгөөд сүүлийн үед эрчимтэй ашиглаж буй аргуудыг ашигласан байна. Тодруулбал, гол нэрийн барааны үнийн инфляцад үзүүлэх нөлөөллийг Ридж регрессийн үнэлгээний аргаар тооцсон бол инфляцын таамаглалыг хийхдээ Лассо регрессээр үнэлэгдсэн загварыг ашиглажээ. 

Ингэхдээ Улаанбаатар хотын инфляцын болон Хэрэглээний үнийн индекс(ХҮИ)-ийн сагсны нийт 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний 2011 оны нэгдүгээр сараас 2018 оны тавдугаар сарын үнийн тоон өгөгдөл ашигласан байна. 

 

Ийнхүү судлахад гол нэрийн бараанаас инфляцыг хамгийн их өсгөдөг хүчин зүйл нь

  • Зоогийн газрын хоолны үнэ - 0.01 пункт
  • "Боргио" пиво - 0.08 пункт
  • Цагаан тосон будаг - 0.07 пункт
  • АИ-92 бензин - 0.07 пункт
  • “Fairy” аяга таваг угаагч - 0.07 пункт байна.

Эдгээр нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийн инфляцад үзүүлэх нөлөөлөл хэдийгээр бага мэт харагдаж буй боловч үйлчилгээний үнэ нийт дүнгээрээ инфляцад хүчтэй нөлөөлж буйг анхааруулжээ. Мөн хонины махны үнийн индекс сард 10 пунктээр нэмэгдэхэд (өмнөх оны мөн үеэс) инфляцын түвшин тухайн сард дунджаар 0.03 пунктээр өсөж (өмнөх оны мөн үеэс) байсан нь ажиглагджээ. 

 

 

Харин ХҮИ-ийн сагсан дахь 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнээс инфляцад хамгийн их нөлөө үзүүлж буй 50 бараа, үйлчилгээг харвал:  

  • 0.011- Шоколадны крем, 250 гр, "Gold M" 
  • 0.011 Хатуу чихэр, кг, "Барбарис" ОХУ 
  • 0.011 Жимсний чанамал, 380 гр, "VIDAN" БНПУ 
  • 0.010 Зоогийн газрын хоолны үнэ, II хоол 
  • 0.010 Цуу, "Сlassic vitana" , 170 мл, БНЧУ 
  • 0.009 Шоколад, 70 гр, "Snickers" 
  • 0.009 Шоколад, 100 гр, "Alpen Gold" 
  • 0.009 Зайрмаг, торхтой, "Морозка", ОХУ 
  • 0.008 Пиво, "Боргио", 0.5 л, "АПУ" ХК 
  • 0.008 Гоймон, 300 гр, "Алтан тариа", туузан 
  • 0.008 Даавуун футболк, 100% даавуу, дугуй захтай, БНХАУ 
  • 0.008 Давсалсан самар, 185 гр, 
  • 0.008 Суудлын тэрэгний дугуй нөхөх хөлс 
  • 0.008 Бэлэн гоймон, 120 гр, ууттай 
  • 0.008 Торго, 1 м, 78 см энтэй, цэцгэн хээтэй

гэсэн бараа, үйлчилгээ эрэмбэлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, шоколадны кремний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 10 пунктээр нэмэгдэхэд инфляцын түвшин тухайн сард дунджаар 0.11 пунктээр өсөж буйг энэ судалгаа харуулжээ. Ерөнхийдөө инфляцид нөлөөтэй 50 нэр төрлийн бараа, үйлчилгээний 72 хувь нь импортынх байгаа нь манай инфляцын түвшин импортын барааны үнээс ихээхэн хамааралтай байгааг илтгэнэ. Ялангуяа, юань, ам.долларын ханш үүнд чухал нөлөөтэй болж таарж байна. 

Судалгааны нийт дүнг үзвэл манай улсын инфляц улирлын нөлөөлөлтэй өсдөг бөгөөд инфляц жилийн 3, 4, 5 дугаар сард өсөж, харин 9, 10, 11 сард буурах хандлагатай байдаг байна. 

Лассо регрессээр үнэлэгдсэн загварт таамаглалын тодорхой хоёр нөхцөл дэвшүүлж, инфляцыг таамаглахад дараах үр дүн гарсан. Үүнд: 

  • Хэрэв Лассо регрессийн аргаар үнэлэгдсэн 16 тайлбарлагч хувьсагчид 2018 оны зургаадугаар сараас 2019 оны тавдугаар сард тухайн сарынхаа түүхэн дунджаар өснө гэж үзвэл, инфляц 2018 оны зургаадугаар сараас 2019 оны 1 сард бага зэрэг буурч, харин 2019 оны 2-5 дугаар сард эргээд өсөх төлөвтэй байна. 
  • Харин Лассо регрессийн аргаар үнэлэгдсэн 16 тайлбарлагч хувьсагч 2018 оны зургаадугаар сараас 2019 оны тавдугаар сард өмнөх сарынхаа өсөлтийн динамикаас хамаарч өсвөл инфляц 2018 оны зургаадугаар сараас 2019 оны гуравдугаар сард бага зэрэг буурч, харин 2019 оны 4-5 дугаар сард эргээд үл ялиг өсөх төлөвтэй байна.

Манай улсад өнөөг хүртэл инфляцад нөлөөлөх хүчин зүйлсийн талаар хийгдсэн дийлэнх судалгаанууд нь инфляц ба макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг голлосон байдаг. Харин энэхүү ХҮИ-ийн сагсанд орсон бараа, үйлчилгээний үнэ, ялангуяа манай улсын өрхүүдийн өргөнөөр хэрэглэдэг гол нэрийн барааны үнэ инфляцад хэрхэн нөлөөлдгийг тогтоохоор зорьжээ.