Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Токиогийн Анагаахын Их сургууль эмэгтэй элсэгчдийн оноог зориуд дарж байсан нь илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Японы томоохон их сургууль эмэгтэй оюутнуудын тоог багасгахын тулд элсэгчдийн шалгалтын оноог зориудаар бууруулж дүгнэдэг байсан нь илэрсэн тухай өнөөдөр Ёмиури сонин мэдээлжээ.

Токиогийн Анагаахын Их сургуульд боловсролын яамны нэгэн түшмэлийн хүүхдийг хууль бусаар элсүүлсэн гэх хэргийг шалгаж байсан мөрдөгчид уг хэргийг санамсаргүй илрүүлсэн байна.

Тус сургуулийн хэвлэлийн төлөөлөгч Фүмио Азума “Өнөөдөр өглөө нийтлэгдсэн мэдээллийн дагуу бид хуулийн байгууллагад хандаж, шалгуулахаар боллоо” хэмээн мэдэгдээд шалгалтын үр дүнг энэ сарын сүүлээр танилцуулна гэжээ.

2011 оноос эхлэн тус сургуулийн захиргаа эмэгтэй элсэгчдийн шалгалтын оноог бууруулан засварлах болсон байна. Учир нь 2010 онд энэ сургуульд элсэгчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд болж өмнөх жилийн хэмжээнээс хоёр дахин өссөн ажээ.

Тиймээс 2011 оноос эхлэн эмэгтэй элсэгчдийн хэмжээг 30 хувьд барих бодлого барьж, үүнийгээ шалгалтын дүнг засварлах аргаар хэрэгжүүлж эхэлсэн байна.

Эмэгтэй оюутнууд сургууль төгссөнийхөө дараа нөхөрт гарч, хүүхэд төрүүлснээр мэргэжлээрээ ажиллаж чаддагүй нь ийм бодлого барихад хүргэсэн байх гэж зарим ажиглагчид таамаглажээ.

Мөн гэнэтийн дуудлага, шөнийн ээлжинд ажиллах зэрэгт эрэгтэй эмч нар тохиромжтой тул тус сургууль дотор бичигдээгүй хууль үйлчилж байсан гэж зарим эх сурвалж мэдээлсэн байна.

2018 оны элсэлтийн шалгалтын дүнгээс харвал эхний ээлжийн шалгаруулалтад эмэгтэйчүүдийн 14.5 хувь, эрэгтэйчүүдийн 18.9 хувь тэнцжээ. Хоёрдугаар шатанд эмэгтэйчүүдийн 2.9 хувь шалгарсан бол эрчүүдийн 8.8 хувь тэнцсэн байна.

Японы бүсгүйчүүд ерөнхийдөө боловсролын түвшин сайтайд тооцогддог ч дэлхийд алдартай олон цагаар ажилладаг соёл нь тэднийг гэр бүлтэй болоход саад хийдэг тул олноор ажлаа орхиход хүргэдэг юм.

 

Эх сурвалж: AFP