Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 20-ноос ургацын урьдчилсан баланс гарна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 20-ноос намрын ургацын баланс гарах аж. Энэ жил Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 3-наас эхлүүлсэн нь зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийжээ.

Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус багтжээ.

Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байгаа учраас төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан, дотоодынхоо хэрэгцээгээ хангана гэж ХХААХЯ үзжээ. Мөн ургац хураалтын үед аймаг бүрт ургацын штаб байгуулж, улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллах аж.

Энэ онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай,  15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийнэ. Ингэснээр 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаанбуудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлсэн билээ.

Ургац хураалтад шаардлагатай бүхий л бэлтгэл ажил тэр дундаа хүн хүч, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургацын талбайд борооны ус орохоос сэргийлж хамгаалалт хийхийг яамны зүгээс анхаарууллаа.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам