Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос ганцхан хүний нэрэн дор 55 хайрцаг шарил АНУ-д хүлээлгэн өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Хойд Солонгосын тал Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Америк цэргүүдийн шарилын үлдэгдэл хэмээн 55 хайрцагтай зүйлийг АНУ-д хүлээлгэн өгсөн юм.

Гэвч эдгээр хайрцагнуудыг дагалдаж цэргийн ганцхан ширхэг шошго (цэргийн нэрийг бичсэн металл зүүлт) ирсэн байна. Мэргэжилтнүүд энэ нь нэг цэргийн шарилын 55 хэсэг үү, эсвэл нэр нь үл мэдэгдэх 55 цэргийн шарил уу, эсвэл бүр Америк цэргийн шарил биш үү гэсэн хэцүү асуултуудтай тулгараад байгааг мэдээлжээ.

Солонгосын дайнд Америкаас гадна НҮБ-ын гишүүн 16 орны цэрэг Өмнөд Солонгосын талд байлдсан тул өөр улсын цэргийн шарилууд байх өндөр магадлалтай гэнэ.

Энэхүү 55 хайрцгийг Хойд Солонгосын Вонсан хотоос АНУ-ын цэргийн нисэх онгоцонд ачсан бөгөөд уг онгоц удалгүй Өмнөд Солонгос дахь Осан агаарын баазад буусан юм. Энд АНУ-ын албаныхан шарилуудыг ангилан ялгасны дараа өнөөдөр Хавай руу илгээгдэж байгаа ажээ.

Тэнд нарийн мэргэжлийн шинжээчид хэн болохыг нь тодорхойлно. Уг ажиллагаа хэдэн сарын турш үргэлжилнэ гэж тооцсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Пентагоны тэргүүн, генерал Жим Мэттис цэргүүдийн шарилыг хүлээлгэн өгсөн явдлыг Хойд Солонгосын зүгээс үзүүлж буй нааштай алхмын илрэл гээд харин шарилууд Америк цэргийнх гэдэгт бүрэн итгэх аргагүй гэдгийг хэлжээ.

Өнөөдөр Хавайн агаарын баазад буух шарилуудыг угтах ёслолд оролцохоор АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс Вашингтоноос ниссэн байна.

1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайнд сураггүй болсон 7,700 орчим Америк цэргийн албан ёсны бүртгэл байдаг. Тиймээс эхний 55 хайрцагтай шарил сураггүй бологсдын ар гэрийнхэнд сайн мэдээ дуулгах магадлал бага гэдгийг урьдчилан анхааруулжээ.

 

Эх сурвалж: Associated Press