Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг баталлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг баталлаа.

Энэ бодлогын зорилгыг “Эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлж, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ” гэж тодорхойлоод байна.

Энэ хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацид чиглэсэн ажлыг дэмжиж, аж ахуйн нэгжийн инновацийг хөгжүүлэн, дэвшилтэт технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, орчин үеийн аж үйлдвэр, өндөр технологийн салбарт байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай технологи хөгжүүлэх юм.
Найман жилийн хугацаатай бодлогын эхний шат буюу 2018-2021 онд эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөц төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хоёр дахь шатанд /2022-2025 онд/ эдийн засаг, аж үйлдвэр, мэдээлэл технологийн тэргүүлэх салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавихаар төлөвлөжээ.

Шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын  байгууллагын зээл, хандив, тусламжаас гаргах юм.

Товч мэдээ:

  • УИХ болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрээр Засгийн газар, сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан заалт бүрийг хяналтад авч шуурхай хэрэгжүүлэхийг даалгав.
     
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсад арилжаалахтай холбогдуулан хийж байгаа бэлтгэл ажлын талаар сайд Д.Сумьяабазар танилцуулав. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал байна. Иймээс санхүү, хууль, техник болон бусад нарийвчилсан үнэлгээний зөвлөх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх ур чадвартай хуулийн этгээдийг яаралтай сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзэв.
     
  • “Багануурын 700 МВт-ын цахилгаан станц” төслийн хэрэгжилтийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх эсэх талаар чиглэл авахаар болов.
     
  • Ажил эрхэлдэггүй, амьжиргааны эх үүсвэргүй, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаарх нийгмийн халамжийн бодлого, эрх зүйн зохицуулалтын талаар судалж, боловсронгуй болгох чиглэлээр ажиллахыг Хууль зүй дотоод хэрэг, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав. Энэ оны эхний хагас жилийн байдлаар орон гэргүй, тэнэмэл амьдралтай 1,375 иргэн байна. Эдгээрийн талаас илүү хувь нь хөдөлмөр эрхлэх 18-45 насны хүмүүс гэсэн судалгаа гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.