Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн ерөнхийлөгч эдийн засгаа дампуурсныг хүлээн зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр эрх баригч намын хурал дээр үг хэлэхдээ өөрийнх нь боловсруулсан эдийн засгийн бодлого “бүтэлгүйтсэн”-ийг хүлээн зөвшөөрчээ.

Өчигдөр тус улсад эрчим хүчний томоохон саатал гарахад нийслэл Каракас хотын 80 хувь нь өртсөн байна.

Мадуро “Бидний хэрэгжүүлэх гэж хичээсэн үйлдвэрлэлийн загвар бүтэлгүйтлээ. Хариуцлагыг би, бид, та бүхэн хүлээх ёстой” гэж хэлжээ. ОУВС энэ оны сүүлээр Венесуэлийн инфляцийн хэмжээг нэг сая хувьд хүрнэ гэж саяхан тооцоолсон юм.

“Ярьж ханалаа. Гадны дайсантай, дайсангүй, хоригтой, хориггүй бид Венесуэлийн эдийн засгийг босгох хэрэгтэй байна. Ярихаа зогсооё! Надад шийдэл хэрэгтэй байна! Нөхдөө!” гэж Мадуро хурлын төлөөлөгчдөд хандаж хэлжээ.

Түүний социалист засгийн газар эдийн засгаа сэргээх гэж сүүлийн жилүүдэд олон ажил хийсэн. Тухайлбал тэд цемент, гангийн үйлдвэрлэлээс эхлээд эдийн засгийн салбар бүрийг улсын өмчид авч, олон зуун бизнесийг хурааж авсны дотор супермаркетын сүлжээ хүртэл багтаж байв.

Эцэстээ Мадурогийн засгийн газар үнийн өсөлтийг зогсоохын тулд гудамж талбайд хийгдэж буй арилжаа наймаанд цэргийн хүчээр хяналт тогтоожээ.

Өргөн хэрэглээний барааны үнийг хатуу тогтоож, валют арилжааны цэгүүдийг ч төрийн мэдэлд шилжүүлсэн байна.

Мадуро “Тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил дэвшлийг хоёр жилийн дотор бий болгоно гэж би тооцоолж байсан. Ингэхдээ иргэдийн нийгмийн хамгааллыг муутгахгүй гэж бодож байлаа” хэмээн ярьсан байна.

Мадуро хоёр жилийн өмнө эдийн засгийг сэргээх төлөвлөгөө зарлахдаа газрын тосны олборлолтыг 2025 оноос өмнө өдөрт зургаан сая баррельд хүргэнэ гэж мэдэгдэж байсан юм. Гэтэл 2008 онд өдөрт 3.2 сая баррель байсан олборлолт энэ онд 1.5 сая болж буурсан нь сүүлийн 30 жилийн хамгийн доод үзүүлэлт болжээ.

ОУВС толгой эргэм инфляцийн тооцооллыг зарласнаас гадна энэ онд Венесуэлийн ДНБ 18 хувиар унахыг мэдээлсэн нь хоёр оронтой тоо бүхий хувиар дөрөв дэх жилдээ дараалан унаж буй хэрэг юм.

Эдийн засгийн хямрал гүнзгийрснээр тус улсын нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогсож, засгийн газар иргэдийг үнэгүй тээвэрлэх ачааны машинуудыг явуулж эхлээд байна.

Иргэд “kennel” (нохойн оромж) гэж нэрлэдэг эдгээр унаа нь аюулгүй байдлыг хангаагүй, тав тухгүй тээврийн хэрэгсэл гэдэг нь тодорхой.

Өчигдөр үг хэлэхдээ Мадуро намын гишүүддээ Венесуэлийн үйлдвэрлэлийг сэргээхэд туслахыг уриалж, бас үүнтэй зэрэг АНУ-ын түрэмгийлэлтэй тэмцэх ёстойг сануулахаа мартаагүй байна.

Тус улсын орлогын 96 хувийг газрын тосны борлуулалт эзэлдэг. Гэтэл АНУ-ын засаг захиргаа Мадуро болон түүний тойрон хүрээлэгчдэд эдийн засгийн хориг тавьснаас гадна төрийн өмчийн газрын тосны PDVSA компанийг хоригт багтаасан юм.

 

Эх сурвалж: AFP