Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйн хэт халуунд хүн 6 цагаас илүү хугацаанд гадаа байж чадахгүй болно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй агаарын хэт халалтын талаар АНУ-ын Массачусетсын Технологийн Их сургуулийн эрдэмтэд хийсэн судалгааны тайлангаа Nature Communications сэтгүүлд өчигдөр нийтлүүлжээ.

“Цаг уурын өөрчлөлтийн үр дүнд үхэл дагуулсан хэт халалт улам нэмэгдэнэ. Ингэснээр хүн төрөлхтний цаашид орших эсэх нь эргэлзээтэй болж байна” гэж судалгааг ахалсан Элфатих Элтахир ярьжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага 2030-2050 онуудад хэт халууны улмаас жил бүр 38,000 хүн амиа алддаг болно гэж тооцоолсон нь бий.

Тэгвэл агаарын хэм Цельсийн 35 хэмд хүрэхэд хэт халуун, хэт чийгшилт хосолсноор хүн гадаа орчинд 6 цагаас илүү хугацаатай байх боломжгүй болно гэж дээрх судалгаанд өгүүлжээ.

Агаарын чийгшилт хэт нэмэгдсэний улмаас хүний бие халалтыг хөлс болгон гадагшлуулахад энэ нь ууршиж чадахгүй тул үхлийн аюулд хүргэнэ гэж судлаачид тайлбарласан байна.

Дэлхийн бүс нутгуудаас хойд Хятадын тал газарт (The North China Plain) энэ гамшиг хамгийн хүнд тусах гэнэ.

 

2100 он гэхэд 400 сая хүн оршин суудаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох энэ хэсэгт Цельсийн 35 хэмээс дээш халалт жилд хамгийн олон тохиолдож, иргэдийн амь насанд аюул учруулах төлөвтэй байгааг мэдээлжээ.

“Дэлхийн аль ч бүс нутгаас илүүтэй агаарын халалтаас үүдэн хүний амь насанд эрсдэл учруулах газар нь Хойд Хятадын тал газар байна” гэж тайланд бичсэн байна.

Ази, Африк, Латин Америкт нийтдээ 1.1 тэрбум хүн санхүүгийн боломжгүйгээс сэрүүцүүлэгч (air conditioner), хөргөгч бүхий орчинд амьдарч чадахгүй байгааг өөр нэг судалгааны тоо баримт харуулжээ.

 

Эх сурвалж: Reuters