Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голоос 20-30 настай, эмэгтэй хүний цогцос олжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Онцгой байдлын газарт иргэнээс ирсэн мэдээллийн дагуу Аврах ангийнхан ажиллаж, Туул голоос 20-30 насны эмэгтэй хүний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

"Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн автобусны эцсийн буудлын хойд талд “Туул” голын усанд хүн живсэн байна" гэсэн дуудлагыг долоодугаар 31-ний өдрийн 18:29 цагт НОБГ хүлээн авчээ.  Тус газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 13 км зам туулан 19:08 цагт очиж,15 минут ажиллаж, хаяг, нэр нь тодорхойгүй 20-30 орчим настай, эмэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаарОБЕГ-аас мэдээллээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар (сумын төвөөс зүүн зүгт 5 км-т) Өлгий сумын Ж (10 настай, эрэгтэй), А (13 настай, эмэгтэй) нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан байна. Эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 9-ний өдрүүд, мөн сарын 21-23-нд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоожээ.

Өчигдөр 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлт гаргасан тул аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 9 хүн, 1 автомашинтай, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 10:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Бугат сумын Бугат багийн Бугын голын Есөн салааны-Эх гэдэг газраас Хасбаатарын хөшөө хүртэл Ховд голын усаар нийт 7 км-т, 3 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй  байна. Тиймээс 20:30 цагт эрлийг түр зогсоожээ.