Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарыг усны хомсдолд орохоос сэргийлэх гэрээнд У.Хүрэлсүх гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно

Б.Ану
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монголын усны нөөцийг сайжруулахад чиглэсэн $350 саяын компакт гэрээ байгуулсан тухай өчигдөр зарласан. 

Тодруулбал,  Монгол Улсын Засгийн газар, Мянганы Сорилтын Сангийн ээлжит Компакт гэрээний хүрээнд нийт 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах гэж байна.  

Мянганы Сорилтын Сангаас Монгол Улсад хэрэгжүүлэх гэж буй ээлжит компакт гэрээ найман зүйл, зургаан хавсралтаас бүрдэж байна.

Энэхүү гэрээний дагуу хийгдэх ажлуудад:

  1. Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа,
  2. Хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах үйл ажиллагаа,
  3. Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа зэрэг орж байна. 

АНУ-ын МСС-ийн Монголыг хариуцсан багийн ахлагч Жэй Шийрэр 2018 оны 5 сарын 31-ны өдөр ирүүлсэн захидалдаа “Компакт гэрээний урьдчилсан санхүүжилт болох 28.6 сая ам.долларыг Компакт гэрээнд гарын үсэг зурмагц Монголын тал зарцуулах боломжтой” гэдгийг баталгаажуулан мэдэгдсэн байна.

Өнөөдөр Улаанбаатарын гэр хорооллын иргэд өдөрт 7-14 литр ус хэрэглэдэг бол орон сууцны оршин суугч 140-160 литр ус хэрэглэдэг судалгаа байдаг.  Улсын хэмжээнд авч үзвэл уул уурхай, эрчим хүчний салбар хамгийн их ус зарцуулж байгаа судалгааг 2014 онд хийсэн байна. 

Харин хүн амын ундны болон ахуйн хэрэглээ нийт усны хэрэглээний 16 орчим хувийг эзэлж байгаа юм. 

График 1, Монгол дахь ус ашиглалт, 2014 оноор, 

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСС-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос  “Эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн судалгааг бид 2015 онд хийсэн. Судалгааны үр дүнд Улаанбаатар хотын усан хангамжийн эрэлт, нийлүүлэлт ойрын хугацаанд тэнцэж, цаашид хомсдол үүснэ гэсэн дүгнэлт гарсан байгаа. Манай хөтөлбөрийн хүрээнд үндсэн хоёр том капитал хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжинэ.

Нэгдүгээрт, Гүний усны эх үүсвэрийг ашиглалтад оруулах “Гүний худгийн систем” байгуулах ажил хийнэ. Газрын гүний ус хэрэв бохирдсон байвал усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулна.  

Хоёрдугаарт, шинээр баригдах Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч буй бохир усыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Ингэж цэвэршүүлсэн усыг III, IV цахилгаан станцуудад нийлүүлнэ. Одоогоор унданд хэрэглэж болох цэвэр усыг өндөр цамхагаа хөргөх, үнс зайлуулах, угаалга хийхийн тулд ашиглаж байгаа нь харамсалтай боловч өөр сонголт байхгүй. Энэ нь Улаанбаатар хотын нийт усны хэрэглээний нэлээд хувийг эзэлдэг. Тэгэхээр ийм их хэмжээний цэвэр усыг дахин боловсруулсан усаар солих боломжтой" гэсэн тодруулгыг iKon.mn сайтад өмнө өгч байсан юм. 

Бидний авсан мэдээллээр Монгол Улсын Засгийн газар, МСС гэрээний явц 99 хувь хангагдаад байгаа бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлах үедээ гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна.

Өмнөх Мянганы Сорилтын Сангийн гэрээнд одоогоос 11 жилийн өмнө Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш нар гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болж байсан түүхтэй.

 
https://georgewbush-whitehouse.archives.gov
 
https://georgewbush-whitehouse.archives.gov