Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЗЦА үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа дурсгалыг хүндэтгэлээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Замын цагдаагийн албанаас алба хаагчдын ажил үүрэг, үйлсийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Бид мартахгүй” хүндэтгэлийн өдрийг өчигдөр Замын цагдаагийн албаны төв байранд зохион байгууллаа. 
Уг арга хэмжээнд Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон даргын зөвлөлийн гишүүд, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд, шинэ залуу алба хаагчид мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл нар оролцсон юм. 
 
Гэрэл зургийг mpa.mn

Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан ирсэн зочдод хүндэтгэл үзүүлж, үг хэлэхдээ “Монголын цагдаагийн байгууллага жил бүр “Бид мартахгүй” өдөрлөгийг зохион байгуулж, төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан  алдартнуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсаж, ар гэрийнхэн та бүхэнтэй уулздаг билээ.

Өнөөдөр Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн дурсан санах хүндэтгэлтэй өдөр юм. Монгол Улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 70 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан байна гэсэн судалгаа байдаг. Үүнээс Замын цагдаагийн албаны хэмжээнд нийт 15 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Албан үүргээ нэр төртэй биелүүлж, мөр зэрэгцэн алхаж явсан мэргэжил нэгтэй анд нөхөд маань алтан амиа алдсан дайчин гавьяат үйлстнүүдээ дурсан санах энэ өдөрт мэхийн ёсолж байна. Замын цагдаагийн албаны хамт олон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж , албаныхаа төлөө алтан амиа зориулсан алдартнуудынхаа ажил, үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэлжлүүлэн авч яваа гэдгээ илэрхийлж байна.  
 
Дурсамж, уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэндээ дахин талархлаа илэрхийлж, бидний хүндэтгэлийг хүлээн авахыг хүсэж байна” хэмээлээ. 

Мөн уг хүндэтгэлийн өдөрлөгт 9 дэх жилдээ оролцож байгаа С.Уранчимэг хэлэхдээ “Одоогоос 17 жилийн өмнө буюу 2001 онд миний хань Д.Ганбат ХУД-ийн нутаг хуучнаар АЖ-3-ын уулзварт албан үүрэг гүйцэтгэж байхдаа бусдын гарт амь насаа алдсан. Тухайн үед 2000 онд хууль бусаар орж ирсэн спиртний хэргийг илрүүлээд сарынхаа цалингаар шагнуулаад маш их сэтгэл өндөр байсан боловч 6 сарын дараа бусдын гарт амь насаа алдаж бидэнд нөхөж болшгүй гарз учирсан юм. Энэ хугацаанд хэцүү хүнд үе тулгарч байсан ч би 8 хүүхдээ өсгөж, өнөөдөр 7 хүүхэд маань боловсролтой, ажил төрөлтэй сайн сайхан явж байна. Тухайн үед аав нь ажилдаа яваад ирнээ гээд гарсан хүн маргааш өглөө нь хэзээ ч ирэхгүй болно гэж хэзээ ч төсөөлөөгүй. 

Бидний 2 хүүхэд маань аавынхаа ажил, мэргэжлийг өвлөн авч өнөөдөр Цагдаагийн байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа. Цагдаагийн байгууллагаас жил бүр “Бид мартахгүй” өдрийг 2007 оноос хойш тасралтгүй явуулж байгаа. Би 9 дэх жилдээ энэхүү арга хэмжээнд оролцож байна. Бидэнд сэтгэлийн дэм өгч, ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байдагт маш их баяртай байна. Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд баярласнаа илэрхийлж, та бүхэнд Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэв.
 
Тус албанаас энэ өдрийг 2007 оноос эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдаа дурсан санах өдөр болгон өдгөө 11 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.
 
 
Эх сурвалж: ЗЦА