Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Обри Менардт: 1990-ээд онд Монгол руу орж ирсэн зээл тусламж, хөрөнгө оруулалт Монголын улс төрд нөлөөлсөн гэж дүгнэхэд хүрсэн

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Дэлхийн 14 орны эрдэмтэн, судлаачид “XXI зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” сэдвээр Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өчигдөр болсон хурлын эхний хэлэлцүүлгээр ардчилалд иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо чухал болох тухайд илтгэл тавин хэлэлцсэн бол өнөөдөр уул уурхай, байгалийн баялаг ардчилсан орнуудын эдийн засаг, тогтолцоонд хэрхэн эрсдэл учруулж буй талаар хэлэлцсэн юм. 
 
Гэрэл зургийг MPA.mn

“Монгол Улсын байгалийн баялгийн нөөц дэлхий дахины анхаарлын төвд очиж, уул уурхай хөгжихөөс өмнө Монголын ардчилал маш үлгэр жишээ байсан” хэмээн Калифорнийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор, доктор Стивен Фиш цухас дурдсан юм. Учир нь уул уурхай хөгжсөнөөрөө авлига цэцэглэх нөхцөлийг бүрдүүлэхээс эхлээд нийгэм болон байгаль орчин, эдийн засагт олон сөрөг нөлөөллийг бий болгож, ардчиллыг бүдгэрүүлдэг гэдэг дээр өнөөдөр болсон хуралд илтгэл тавигчид бүгд санал нэгдэж байв.

Ингээд “XXI зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” олон улсын бага хурлын зарим оролцогчдын байр суурийг хүргэе. 
 
Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн доктор, дэд профессор Я.Бямбасүрэн:  
 
Байгалийн нөөцөөр баялаг буюу уул уурхайн хөгжсөн улсууд баялгийн хараалд өртсөнөөс ардчилал цэцэглэхгүй байгаа тухай дэлхий нийт түгээмэл ярьж байна. Байгалийн баялгийг олон улсын компаниуд хариуцлагатай ашиглахын тулд нэгдүгээрт, компанийн нийгмийн хариуцлага, хоёрдугаарт үйл ажиллагаа явуулах нийгмийн лицензийн хүрээнд ажиллах боломжтой талаар гаднын судлаачид ярьж байна. Үүнд:
  • Хяналт шалгалт
  • Өөрийн зохицуулалт 
  • Сайн дурын зохицуулалт 
  • Хамтын зохицуулалт гэсэн дөрвөн зохицуулалтыг ашигладаг байна. 
Тухайлбал, “Рио Тинто” компани өөрийн зохицуулалтаар Австралид байгалийн нөөцийн баялгийг ашиглах тал дээр сайн хэрэгжүүлдэг байна. Гэтэл АНУ-д газрын тосны компаниудад өөрийн зохицуулалтаар ажиллах эрх өгсөн ч огт хэрэгжихгүй байгаа тухай ярьж байна. 
 
Монгол Улсын хувьд хамтын зохицуулалтаар ажиллах боломжтой гэж байна. Өөрөөр хэлбэл, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах боломжтой гэсэн үг. Гэвч манайд төрийн зохицуулалт сайн биш байгаа учраас хэдийгээр үндэстэн дамнасан том  корпорациуд өөрийн нутагтаа үлгэр жишээ үйл ажиллагаа явуулдаг ч манай нутагт тэр тснадартад хүрч ажиллахгүй байгааг энэ хурлын үеэр хөндсөн. Тэгэхээр хэрэв бид ардчиллыг зөв хэрэгжүүлбэл компанийн засаглал сайжирч, илүү сайн хөгжих боломж байна. 
 
 
Гэрэл зургийг MPA.mn

“Менарндт глобал консалтинг”-ийн судлаач Обри Менардт:

Монгол Улс байгалийн баялгаас их хамааралтай байгаа нь ардчилалд саад учруулах эрсдэлтэй. Гэхдээ байгалийн баялгийн хамаарал гэхээсээ илүү байгалийн баялгийг хэрхэн зохицуулж байна гэдэг нь илүү чухал асуудал. Жишээ нь, байгалийн баялгаас орж ирсэн орлогоо бүгдийг нь тараагаад дуусалгүйгээр нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь Монголын ардчилалд чухал ач холбогдолтой. 
 
Миний судалснаар 1990-ээд онд Монгол руу орж ирсэн зээл тусламж, хөрөнгө оруулалт  Монголын улс төрд нөлөөтэй байсан гэж дүгнэхэд хүрсэн. Монголд орж ирсэн хөрөнгө оруулалтууд үндэсний нөөцийг сэргээх, төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцийг хянах гэсэн эерэг нөлөөтэй ч нөгөө талд ядуурлыг бууруулахад томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүргэж, ганц талт эдийн засгийг бий болгож, баялгийн тэгш бус байдлыг үүсгэснээс гадна хамгийн том хар сүүдэр болох авлигыг дагуулсан. Тэр үеийн зээл тусламжийг өөрөөр ашиглах боломж байсан. 
 
Вискинсоны их сургуулийн докторант У.Дэлгэржаргал:
 
Уул уурхайн салбарын орлого буурахад тэр нь тухайн орны ардчилалд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийсэн. Ингэхдээ 1961-2016 он хүртэлх хугацаанд 500-аас дээш мянган хүн амтай орнуудын мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн. 
 
Ингээд дүгнэхэд байгалийн баялгийн орлого буурахад тухайн орны ардчилал тодорхой хэмжээгээр сайжирдаг гэсэн ерөнхий дүр зураг гарч байгаа. Гэхдээ судалгаа маань хэвлэгдэхэд бэлэн болох үед илүү нарийн дүгнэлтүүд гарах байх. 
 
Жишээ нь, Монголд 2017 онд уул уурхайн орлого буурсантай холбоотой төсөвт орлого нэмэгдүүлэх зорилгоор 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсийн татварыг нэмэх шийдвэр гаргасан. Улмаар Засгийн газрын эсрэг хүмүүс жагсаж, олон нийтийн сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлсан. Улмаар Засгийн газар шийдвэрээ эргэж харахад хүргэсэн. 
Энэ нь төсвийн хувьд сайн зүйл биш ч Монголын ардчилал тодорхой хэмжээгээр ажиллаж байгаа гэдгийг харуулсан нэг жишээ. 
 
Оттавагийн их сургуулийн эрдэмтэн, доктор Стефэн Браун: 
 
Гадаадын зээл тусламж ядуурлыг бууруулахад чиглэх ёстой бөгөөд зарим тохиолдолд уул уурхайтай холбогддог. Канадад дэлхийн уул уурхайн маш олон том компани бүртгэлтэй байдаг. Тийм учраас Канадын зээл тусламж ядуурлыг бууруулахад тодорхой хэмжээнд чиглэх ёстой. Учир нь уул уурхай өөрөө усыг ихээр ашиглах бохирдуулах, хөрсийг сүйдлэх зэргээр байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдгээс гадна биеэ үнэлэлт, архидалт, нутгийн иргэдийн нүүлгэн шилжүүлэх гэхчлэн нийгмийн хөгжилд тулгамдсан асуудлуудыг үүсгэдэг. 
 
Өмнө нь гадаадын зээл тусламж нутгийн иргэдийг хамгаалах, нийгмийн хөгжилд илүү чиглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд Засгийн газартаа хандаад, том төслүүдийг хэрэгжүүлэхдээ уул уурхайн компанид илүү ээлтэй эрх зүйн орчин бий болгоход нөлөөлөх болсон нь Перугийн жишээн дээр ажиглагдсан. 
 
Зүй нь, ардчилсан оронд гадаадын зээл тусламж зөвхөн Засгийн газрын хүслээр, байр суурийг нь хэрэгжүүлэхэд чиглэх ёсгүй. Харин тухайн нийгэмд хэрэгтэй зүйлд чиглэж, илүү өргөн хүрээнд, иргэдийн оролцоотойгоор, нээлттэйгээр хэрэгжих зөв шийдвэр гаргах гэх зэргээр зээл тусламжид ч ардчилсан нийгмийн хэв шинжийг хадгалах учиртай. 
 
Харамсалтай нь, уул уурхай ихэвчлэн цөөхөн хүмүүсийн эрх ашгийг хангаж, баялгийн тэгш бус байдлыг бий болгож байна. Тиймээс Зөвхөн уул уурхай түшиглэх нь хөгжлийн оновчтой стратеги биш. Би энэ хуралд оролцсоноор Монголыг сонирхож, энэ чиглэлээрээ судалгаа хийхээр шийдсэн.
 
 
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн нийгмийн сангийн ерөнхийлөгч Кристиан Сүтер:

Ардчиллын өнөөгийн нөхцөл байдалд санаа зовж байгаа. Гэхдээ үүнийг зөвхөн ардчилал муудаад, сайдаад байна гэж тусгайлан авч үзэж болохгүй. Яагаад гэвэл ардчилал өөрөө нийгмийн үйл явц, нийгмийн өөрчлөлтийн нэг хэсэг болж явдаг. 
 
Жишээ нь, 1930-аад оны үед нийгэм тэр чигээрээ өөрчлөгдөж байхад Дэлхийн дайн хүртэл болж, нийгэм маш их эрсдэлд орж байсан. Түүнтэй адил өнөөдөр ч гэсэн магадгүй  томоохон өөрчлөлтийн эрин зуун тохиож байна. Энэ өөрчлөлт нь технологийн өөрчлөлт. 
 
1960-аад онд Америк ардчиллын манлайлагч гэдгээ зарлаад, үлгэр жишээ болоод явж байсан бол одоо олон хүчин бий болсон. Энэ дунд ардчилсан бус орнууд ч байна. Хүмүүсийн амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж байна. Тиймээс ардчиллын өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх, шинэчлэх шаардлагатай болж байна. Ардчилал нийгмийн өөрчлөлтөд зохицох ёстой гэсэн үг. Ингэхийн тулд шинээр бий болсон боломжууд буюу технологийн  дэвшлийг ашиглах хэрэгтэй гэлээ. 
 
“Хөгжиж буй орнуудын эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжих шаардлагатай”
 
Дэлхийн нийгмийн сан нь Швейцарьт төвтэй бөгөөд 30-аад жил үйл ажиллагаа явуулжээ. Ингэхдээ голчлон эрдэм шинжилгээний ажлуудыг ивээн тэтгэж ирсэн байна. Харин сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээний хурлуудыг ивээн тэтгэх болж, ингэхдээ хөгжиж буй орнуудад нь зохион байгуулахыг хичээх болжээ. “XXI зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” олон улсын бага хурлыг Монголд анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд олон орны судлаачид идэвхтэй оролцож буйгаараа онцлог болсныг Дэлхийн нийгмийн сангийн ерөнхийлөгч Кристиан Сүтер хэлээд хөгжиж буй орнуудын эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжих шаардлага байгааг хэмээн ярилаа. Тухайлбал, энэ удаагийн хурлаар ардчиллын эмзэг болоод буй сэдвийг хөндөж, академик түвшинд ярьснаараа нийгэмд энэ талаар мэтгэлцэх, нээлттэй ярилцах боломжийг бүрдүүлж байгааг чухалчлав.
 
Ийнхүү хуралд оролцогчид XXI зууны ардчиллын тулгамдсан асуудлуудыг хоёр өдөр хэлэлцлээ. Олон улсын эл бага хурлыг Монголын анхны хараат бус судалгааны байгууллагуудын нэг болох IRIM хүрээлэн 10 жилийнхээ ойн хүрээнд Дэлхийн нийгмийн сантай хамтран зохион байгуулсан юм. 
 
 “XXI зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” олон улсын бага хурлын үеэр тавигдсан 30 орчим илтгэлийг Дэлхийн нийгмийн сангийн “Дэлхий судлал ном”-ын цуврал болгон хэвлэн гаргах юм байна.