Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

1973 оны Виктор Харагийн аллагад буруутай этгээдүүдэд Чилийн шүүх ял оноолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

1973 онд Чилийн дарангуйлагч Августо Пиночет засгийн эрхийг авах үеэр нэрт дуучин Виктор Харагийн амийг хөнөөсөн юм. Тэгвэл өчигдөр аллагаас хойш 45 жилийн дараа Чилийн шүүх дуучны аллагад буруутай армийн офицер асан найман хүнд 15 жилийн хорих ял оноожээ.

 Мөн тухайн үед шоронгийн дарга байсан Литтре Кирога Карвахалд гэмт хэргийг нуун дарагдуулсан хэргээр таван жилийн хорих ял оноосон байна.

Цэргийн эргэлтээр 1973 онд төрийн тэргүүний суудлаас зайлуулагдсан социалист Сальвадор Алендег дэмжигч Виктор Хара нь алагдах үедээ 40 настай, театрын захирал, их сургуулийн профессор байсан юм.

Түүнийг оюутнууд, их сургуулийн багш нар, бусад зүүний үзэлтнүүдийн хамтаар баривчилж, Чилийн хөлбөмбөгийн стадионд хорьж байсан ба сүүлд уг байгууламжийг нэрээр нь нэрлэсэн байна.

Хамт стадионд хоригдож байсан гэрчүүдийн дурсамжинд Виктор Харагийн гар хурууг бууны бөгсөөр бяц цохиж, бэрттэл нь зодож байсныг өгүүлдэг.

Сүүлд тэр сураггүй болж, гурван өдрийн дараа сумны 44 нүхтэй цогцос нь оршуулгын газрын дэргэдээс олдсон юм.

Виктор Харагийн эхнэр, Британид төрсөн балетын бүжигчин Жоан, охин Аманда нар нь олон жил шударга ёсыг шаардан тэмцсэний эцэст 2009 онд шарилыг нь гаргаж, бүрэн хэмжээний задлан шинжилгээ хийж байжээ.

1990 оны хүртэл үргэлжилсэн Пиночетын дэглэмийн үед эрх баригчид өөр үзэл бодолтой 3,200 хүний амийг хөнөөж, 28,000 хүнийг эрүүдэн тамлаж байсан гэдэг.

 

Эх сурвалж: The Guardian