Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Америк эмэгтэй 25 жилийн турш Панамын далбаатай цамцыг үндэсний баярын өдрөө андуурч өмсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн долдугаар сарын 4-ний АНУ-ын тусгаар тогтнолын өдөр нэгэн эмэгтэй үндсэрхэг үзлээрээ гоёж, хөх, улаан алагласан таван хошуутай цамц өмсдөг байжээ.

88 настай Ширли Чизмэн сүүлийн 25 жилийн турш баярын өдөр ингэж хувцасласаар ирсэн байна. Тэр уг цамцаа АНУ-ын далбааны билэгдэл гэж боддог байжээ.

Гэтэл хөлбөмбөгийн ДАШТ үзэж байсан түүний ач хүү Дэйл эмээгийнх нь жил бүр өмсдөг цамцны хээ нь Панам улсын далбаа болохыг мэдсэн байна.

Тэр уг нээлтээ твиттер хуудсандаа хуваалцаж, олон мянган Панам хүн тэдний гэр бүлийг эх орондоо зочлохыг урьжээ.

Техас мужийн Хьюстон хотын оршин суугч Дэйл “Миний эмээ сүүлийн 25 жилийн турш жил бүрийн долдугаар сарын 4-ний өдөр улаан, хөх өнгө алагласан, таван хошуутай цамц өмсөж баяраа тэмдэглэдэг байсан. Харин ДАШТ-ийг үзсэний ачаар бид энэ нь Панамын далбаа болохыг мэдлээ. 25 жил үргэлжилсэн урвалт” гэж бичсэн байна.

Өөр улсын билэгдлээр гайхуулж байснаа мэдсэн ч эмээ нь уламжлалаа хэвээр хадгалах хүсэлтэй байгааг Дэйл мэдээлжээ.

Энэ жилийн ДАШТ-д Панам улсын шигшээ баг анх удаа оролцож, хэсгийн бүх тоглолтдоо хожигдсон юм. Тэд Английн шигшээд 6:1 харьцаатай хожигдож энэ удаагийн ДАШТ-ий дээд амжилтыг тогтоогоод байгаа ажээ.

 

Эх сурвалж: BBC