Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

ТУРШЛАГА: Энэтхэгт хүүхдүүдэд хэт халалтаас сэргийлэх сургалт явуулдаг

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гамшгийн эрсдэлийг бууруулахаар Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орон, Европ, Африк, Арабын орнуудын төлөөлөл болон 1,584 ОУ-ын болон бүс нутгийн хэмжээний байгууллагуудын 3,500 гаруй төлөөлөгч Улаанбаатарт чуулж байна.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй хуралд Малайз, Австрали, Индонези,Энэтхэг, Мьянмар улсын төлөөллүүд өнөөдөр илтгэл тавьсныг онцлон хүргэж байна.

"Эмэгтэйчүүд, залуучуудыг гамшгийн эрсдэлийг бууруулах ажилдаа татан оролцуулдаг"
 
Гэрэл зургийг mpa.mn

Малайз "Юуны өмнө энэхүү арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад талархал илэрхийлье.

Малайз улсын хувьд ойрын жилүүдэд бид нэлээн хэдэн төрлийн гамшигт нэрвэгдсэн. Энэ нь ихэвчлэн үер ус, хүчтэй салхи байсан. 2015 онд 5.10 баллын хүчтэй газар хөдлөлтийг мэдэрч, 10 уулчин амиа алдсан. Малайз улс гамшгийн эрсдэл багатайд тооцогдож байсан ч энэ нь цаашид эрсдэл байгааг харуулж байгаа юм.

Тиймээс бид төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Бид энэ хугацаанд авсан сургамж дээрээ тулгуурлан цаашид илүү шинэлэг санаа, судалгаа шинжилгээ явуулна. Аль болох шинжлэх ухаан, технологийн шинэ шийдлүүдийг ашиглахыг эрмэлзэж байна. Бид энэ тал дээр ажиллах гамшгийн эрсдэлийг бууруулах баг байгуулсан.

Байшин барилгуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг хангахын тулд төсөв хөрөнгийг зарцуулж, төлөвлөж байгаа. Түүнчлэн бид гамшигтай холбоотой бүхий л мэдээллийг санг бүрдүүлж ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшгууд манай хотуудад болох нь ихсэж байна. Тиймээс бид эрсдэлийг хэмжих, үнэлгээ хийх ажлуудыг эхлүүлсэн.

Мөн бид эмэгтэйчүүд, залуучуудыг гамшгийн эрсдэлийг бууруулах ажилдаа татан оролцуулдаг. Бид гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, үйл ажиллагаагаа НҮБ, Малайз улсын Засгийн газар, Сингапур улсын тусламжтайгаар хэрэгжүүлж байна. 

Бүс нутгийнхаа хэмжээнд Малайз улс гамшгийн эрсдэлээс сайтар урьдчилан сэргийлж чадсан гэж бодож байгаа. Бид энэ удаад энэхүү уулзалтаас ашигтай баримт бичиг, шийдвэрүүд гарна гэдэгт итгэж байна.

"Австрали улс бүхий л шийдвэрүүдийг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн"

Австрали  "Австрали улс энэхүү Азийн сайд нарын гамшгийн эрсдэлийг бууруулах уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Австрали улс нь бүхий л шийдвэрүүдийг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна. 

Австралийн Засгийн газар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үндэсний ажлын хэсгийн байгуулсан. Энэхүү ажлын хэсгийн үйл ажиллагаагаа Засгийн газрын санхүүжилтээр хийж байна. Ажлын хэсгийн хувьд байгалийн гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л чиглэлээр ажлуудыг хэрэгжүүлж байна.

2017-2018 онуудад Австрали улс санхүүжилт гаргаж олон улсын 120 сая ам.долларыг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Бид цаашид өөрсдийн гаргасан ахицаа улам сайжруулна гэдэгт итгэлтэй байна" гэв.

"Бүх иргэдээ гамшгийг даван туулахад чадавхжуулж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Индонези "Индонези улс энэхүү Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах хуралд оролцож байгаадаа туйлын баяртай байна.

Бид гамшгийн чиглэлээр мастер төлөвлөгөөг боловсруулсан байдаг. Энэхүү төлөвлөгөөнд богино, дунд, урт хугацааны бүх стратегиудыг тусгасан байгаа. Индонези улс нийгмийн бүхий л түвшний хүмүүсийг гамшгийг даван туулахад чадавхжуулж байна. Нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтыг хийж, гамшгийг даван туулах ур чадварыг зааж сургах багш нараа ч бэлдэж хүчин чармайлт явуулж байна.

Тиймээс бид олон улсын хамтын ажиллагаанд нэгдэж, Сендайн баримт бичгийг бүрэн дүүрэн цаашид хэрэгжүүлэхээ илэрхийлж байна" хэмээв.

"Хэт халалтаас сэргийлэхийн тулд хүүхдүүдэд сургалт зохион байгуулдаг"
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэтхэг "Та бүхний өмнө өнөөдөр мэндчилж байгаадаа маш их баяртай байна. Энэтхэгийн ард түмний нэрийн өмнөөс та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлье.

50 гаруй орны төлөөлөгчид анх удаа нэг газар хуран чууллаа. Сендайн баримт бичиг батлагдсанаас хойш хийж буй хамгийн том уулзалт болж байна.

Бид энэ хугацаанд тогтмол гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, сайжруулахыг зорьж ирсэн. 2016 онд зохион байгуулагдсан Азийн сайд нарын хурлыг бид эх орондоо хүлээн авсан байдаг. Бид бусад улс орнуудтайгаа хамтран ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байна. Азийн бүс нутгийн улсууд нэгдэж энэ чиглэлийн арга хэмжээг сайжруулах шаардлагатай байна. 

Хэт халалт гэх манай улсад тохиолддог гамшгаас бид сэргийлэхийн тулд хүүхэд, багачуудад сургалт зохион байгуулдаг. Түүнчлэн олон тооны аврах байр байгууламжийг Энэтхэг улсдаа барьсан. Далайн шуурга болж байсан өмнөх туршлага дээрээ тулгуурлан үнэлгээ хийсэн. 

Үндэсний хэмжээний гамшгийн мэдээллийн санг боловруулж, Сендайн үйл ажиллагаанд бид бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллах болно" гэв.

"Гамшгийн эрсдэлээс сэргийлэх нь ард иргэдийнхээ амь насыг хамгаалж буй хэрэг"
 
Гэрэл зургийг mpa.mn

Мьянмар "Мьянмар улс нь Сендайн баримт бичгийг баталснаас хойш багагүй амжилт гаргалаа. Юуны өмнө бид эрсдэлийн үнэлгээг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон нутаг бүхий л газраараа эрсдэлийг бууруулах кампанит ажлуудыг хийж байна.

Мьянмар улс нь гамшгийн эрсдэлийн хороо байгуулж, хэрэгжилт, зохицуулалтыг хийж шийдвэрлэж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хуулийг баталж, санхүүжилтийг Дэлхийн банкнаас авсан. Түүнчлэн, эдгээр санхүүжилтээ ган, хүчтэй салхи, газар хөдлөлт зэрэг гамшигт зарцуулна.

Бид 2017 онд гамшгийн асуудлын баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. Мөн орон нутгийн ард иргэдээ гамшгийн эрсдэлийг даван туулах чадвартай болгох юм. Гамшгийн эрсдэлээс сэргийлэх нь ард иргэдийнхээ амь насыг хамгаалах чухал зүйл юм" хэмээн онцоллоо.