Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нигерийн багийн сүүлчийн тоглолтын өмнө ахлагчийнх нь эцгийг барьцаалжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Зургаадугаар сарын 26-нд хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байгаа Нигерийн шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтоо Аргентины багтай хийсэн билээ.

Тэгвэл энэхүү тоглолтыг эхлэхээс дөрвөн цагийн өмнө Нигерийн багийн ахлагч Жон Оби Микел эцгийгээ барьцаалагдсаныг мэджээ. Барьцаалагчид түүнээс 10 сая найра ($28,000) шаардаж, уг хэргийг ил гаргавал эцгийг нь ална гэж Нигериэс холбогдож мэдэгдсэн байна.

Тиймээс Микел багийнхандаа энэ тухай огт мэдэгдэлгүйгээр тоглолтоо өндөрлүүлжээ. Энэ тоглолтын дараа Нигерийн баг Аргентинд хожигдож, ДАШТ-ээ өндөрлүүлсэн юм.

Микелийн эцгийг долоо хоногийн дараа цагдаа нар чөлөөлснөөр тэр энэ хэргийн тухай анх удаа ESPN сувагт ярьжээ. “Би уг асуудлыг толгойноосоо арчиж, эхлээд улс орныхоо төлөө тоглохыг бодсон” гэж тэр ярьсан байна.

Нигери улсад өндөр орлоготой иргэдийн төрөл төрөгсдийг барьцаалж, мөнгө нэхэх хэрэг түгээмэл гардаг. Өнгөрсөн онд тус улсын нийслэл Лагост нэгэн гэр бүлийн 6 хүүхдийг сургуулиас нь хулгайлж, сүүлд 31 сая найрагаар ($86,000) суллаж байжээ.

Ихэнх ийм хэрэг хэвлэл мэдээллийнхнээс нууцлагдаж өнгөрдөг байна.

Арав орчим жил Английн Премьер лигт тоглосон Микел барьцаалагчдын хувьд үнэтэй бай болох нь гарцаагүй. Өмнө нь 2011 онд Микелийн гэр бүлийн гишүүн Па Оби барьцаалагдаж, 10 хоногийн дараа суллагдаж байжээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр тамирчид болон тэдний гэр бүл гэмт үйлдлийн хохирогч болох тохиолдол цөөнгүй. 1994 оны ДАШТ-д Колумбын шигшээгийн ахлагч агсан Андрес Эскобар АНУ-ын багтай тоглохдоо өөрийн хаалганд гоол хийсний улмаас нутагтаа буудуулж алагдаж байв.

Мөн тэр жил Колумбын шигшээ баг анхны тоглолтдоо Румыньд хожигдоход багийн хамгаалагч Конта Эррерагийн ах сэжигтэй автын ослоор амь үрэгдсэн юм.

 

Эх сурвалж: Quartz