Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Японы шигшээ баг хувцас солих өрөөгөө анх байснаар нь цэвэрхэн үлдээж хүмүүсийг гайхшруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2018 оны ДАШТ-ий үеэр Японы хөгжөөн дэмжигчид тоглолт үзсэн стадионоо цэвэрлэж хүмүүсийг гайхшруулж байсан. Тэгвэл энэ удаа шигшээ багийн тоглогчид нь мөн цэвэрч цэмцгэр байдлаараа олны анхаарлыг татжээ.

Хөх самурайнууд Даваа гарагийн орой Ростов Аренад шөвгийн 16-гийн шатны тоглолтоо Бельгийн шигшээ багт 3:2 харьцаатай хожигдож өндөрлөсөн. Харин тэд Мягмар гарагт Ростов-на-Дону хотоос явахдаа өөрсдийн ашигласан хувцас солих өрөөг ямар ч хоггүй цэвэрхэн үлдээсэн байна.

Тэдний үлдээсэн өрөөний зургийг FIFA-гийн координатор анх твиттер сүлжээнд нийтэлсэн юм. Цэвэр, цэмцгэр өрөөний голд орос хэлээр “Баярлалаа” гэж бичсэн цаас үлдээжээ.

FIFA-гийн сошиал хуудсанд энэхүү зургийг нийтлэхдээ “Япончууд хувцас солих өрөөгөө Бельгид 3:2 харьцаатай хожигдсоныхоо дараа ийм цэвэрхэн үлдээжээ. Тэд бас орос хэлээр ‘Баярлалаа’ гэж бичсэн цаас үлдээсэн байна. Гайхалтай чанар!” гэж бичсэн байна.

Даваа гарагийн тоглолт Япончуудын хувьд маш харамсалтайгаар дууссан юм. Тэд 2 гоолоор тэргүүлж яваад тоглолтын сүүлийн 21 минутад 3 гоол алдаж хожигдсон. Ийм тоглолтын дараа Япончууд сэтгэл хөдлөлд авталгүй цэвэрч, эмх цэгцтэй зангаа хэвээр хадгалсан нь олон хүнийг гайхшруулжээ.

 

Эх сурвалж: Kyodo News