Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хожигдож явсан Бельгичүүд дараалан 3 гоол хийж, Азийн сүүлчийн багийг нутаг буцаалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Ростов Арена цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатны зургаа дахь тоглолт Бельги, Японы шигшээ багуудын хооронд болж, 3:2 харьцаагаар Улаан чөтгөрүүд хожлоо.

Тоглолтын эхний үед багууд ганц ч гоол хийж чадалгүй өнгөрсөн юм.

Харин хоёрдугаар үеийн эхний хэдэн минутад санаанд оромгүй явдал тохиолдож, Япончууд хоорондоо 6 минутын зайтай хоёр гоол дараалан хийлээ.

Тоглолтын 48 дахь минутад Шибасакигийн талбайн төвөөс өгсөн алсын дамжуулалтыг Генки Харагучи Бельгийн хаалганы алсын буланд цохисон нь амжилттай болж, Хөх самурайнууд тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Улмаар 52 дахь минутад 16 метрийн шугамны гадна бөмбөгийг эзэмшиж байсан Кагава ардаа дамжуулсныг Инуй шууд хаалганд хүчтэй цохиж гоол болголоо.

Түүний хаалганы буланд чиглүүлсэн гайхалтай цохилтыг Бельгийн хаалгач Тибо Куртуа хааж чадсангүй. Ингээд энэ удаагийн ДАШТ-ий тааварт дээгүүр яригдаж байсан Бельгийн шигшээ баг хасагдах магадлалтай болж эхэлсэн юм.

Гэвч гайхамшиг үргэлжилж Улаан чөтгөрүүд тоглолтын сүүлийн 25 минутад дараалан 3 гоол хийснээр шөвгийн 8-ын шатанд шалгарч чадсан байна.

Эхний хоёр бөмбөгийг Бельгийн Ян Вертонген, Маруан Феллайни нар 69, 74 дэх минутад мөргөж Японы хаалганд хийсэн бол шүгэл дуугарахаас ердөө 20 секундын өмнө Мюнерийн 16 метрийн талбайн ирмэгээс өгсөн хөндлөн дамжуулалтыг Насер Шадли гоол болголоо.

Ингэснээр Ази тивийн сүүлчийн төлөөлөл Япончууд нутаг буцаж, Бельгийн шигшээ баг долдугаар сарын 7-ны шөнө шөвгийн 8-ын шатанд Бразилын шигшээ багтай Казаньд өрсөлдөхөөр болж байна.

Өчигдөр орой Бразилчууд Мексикийн шигшээ багийг үндсэн цагт 2:0 харьцаагаар буулгаж авсан юм.

Бельги, Японы шигшээ багуудын тоглолтын онцлох агшнуудыг энэ холбоосоор үзээрэй.

Энэ удаагийн тоглолтын онцлох үр дүнгүүд:

  • Бельгийн шигшээ 1966 оноос хойш ДАШТ-ий хасагдах шатны тоглолтын үндсэн 90 минутад 2 ба түүнээс дээш гоолын зөрүүтэй хожигдож яваад гүйцэж хожсон анхны баг болж байна. 1966 онд Португальчууд Хойд Солонгосын шигшээ багт 3:0 харьцаатай хожигдож яваад 5:3 болгож хожиж байжээ.
  • Бельгичүүд ДАШТ-ий шөвгийн 8-ын шатанд түүхэндээ анх удаа дараалан шалгарч байна.
  • Бельгийн шигшээ баг ДАШТ-ий хасагдах шатанд нийт 12 удаа шалгарахдаа ганц ч тоглолтонд өрсөлдөгчийн хаалгыг хоосон орхиж байгаагүй бөгөөд нийтдээ 28 гоол оруулаад байна.

 

Эх сурвалж: FIFA