Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндсэн хуулийн өөрчлөлтөд УИХ-д нэр дэвших насны доод хязгаарыг 30 болгож байгаа"

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ажлын хэсгийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу. Ямар өөрчлөлт оруулах вэ гэх асуудал сүүлийн гурван парламент дамжин яригдаж байна. 

Энэ хугацаанд Засгийн газар дээр хараат бус эрдэмтдийн зөвлөл гарч ажилласан бөгөөд зургаан чиглэлээр 40 гаруй зүйл дээр өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гаргасан. Мөн УИХ-дын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад зургаан багц асуудлын хүрээнд өөрчлөлт оруулж болох юм байна гэж үзсэн. 

Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжээд 25 жил болж байна. Энэ хугацаанд өрнөсөн өөрчлөлт, хөгжил улс төрийн нөхцөл байдлаас үүдээд өөрчлөлт хийх шаардлагатай болсон гэх дүгнэлтийг эрдэмтэн судлаачид болон УИХ-ын ажлын комисс гаргасан. Бид бүгдээрээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа ягштал баримтлах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байгаа. 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал дээр долоо хэмжиж нэг огтлох зарчмыг баримталж ажилласан. Тиймээс зөвлөлдөх санал асуулгыг санамсаргүй түүврийн аргаар явуулж, орон нутгаас 700 гаруй иргэн ирж зөвлөлдсөн. Мөн 2017 оны долоодугаар сараас есдүгээр сарыг дуустал гурван сарын хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг явуулж, 330 гаруй мянган иргэн оролцон, давхардсан тоогоор 5.6 сая санал гарсан. 

Иргэдээс засаглалын тогтолцоог өөрчлөх, парламентыг өргөжүүлэх, хоёр шатлал бүхий парламенттай болох гэх мэт янз бүрийн санал гарсан. Бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд 35 хүртэл хувийн өөрчлөлт хийх эрхтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа шат бүрт ард түмнээс гарсан саналыг чухалчилж байсан. 

Ард иргэд хамгийн ихээр гаргаж байгаа санал нь УИХ-ыг хариуцлагажуулах, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах тухай байсан учраас эдгээр заалтыг тусган оруулсан. Саналын томьёолол бүр утга учиртай. Сая С.Бямбацогт нарын 16 гишүүн УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд хуралдаандаа суухгүй байгаа гишүүдийг эгүүлэн татах асуудал байсан ч Үндсэн хуульд өөрөөр зааснаас болоод баталж чадсангүй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энэ асуудлыг оруулж өгсөн. УИХ чуулган 50 хоног хуралддагийг 75 хоног болгон сунгах санал орж байна. УИХ-ын чуулганд 39 гишүүн оролцоод олонхоор хууль баталдаг байсныг өөрчилж, 39-өөс дээш гишүүний саналаар хууль батлах өөрчлөлтийг оруулсан нь хууль чанаржихад чухал үүрэгтэй. 

Мөн УИХ-д нэр дэвших насны доод хязгаарыг 30 болгох заалт орсон. Дээр нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаад иргэд маш их шүүмжлэлтэй ханддаг. Ийм учраас "Давхар дээл"-ийг хязгаарлах асуудал орж ирж байгаа. 

Үндсэн хуульд зургаан чиглэлээр өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ
 
Гэрэл зургийг mpa.mn
  1. УИХ-ын болон гишүүний үүрэг хариуцлагын хүрээнд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх, УИХ-ын ээлжит чуулган чуулах өдрийг нэмэгдүүлэх, хууль батлагдах саналын босгыг өндөрсгөх заалтуудыг оруулжээ. УИХ хяналтын чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж тодорхой асуудлууд дээр Хянан шалгах түр хороог байгуулж болохоор төсөлд тусгасан байна.
     
  2. Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзаж, Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, УИХ Улсын төсөв батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох, Засгийн газрын танхим дахь УИХ-ын гишүүдийн тоог хязгаарлах зэрэг заалтуудыг төсөлд оруулжээ.
     
  3. Шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулахад анхаарч шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, үүний зэрэгцээ шүүх нь засаглалынхаа хувьд аль ч институциэс хараат бус бие даасан байх заалтууд төсөлд тусгажээ.
    Үүнд: Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоосноос гадна Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгон улс төрийн нөлөөллөөс ангид байлгахаар төсөлд тусгасан байна.
     
  4. Улс төрөөс хараат бус төрийн албыг бэхжүүлэхийн тулд төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх албан тушаал дэвшүүлэхдээ ил тод шударга байдлыг хангаж, чадахуйн зарчим баримтлахыг Үндсэн хуулиар баталгаажуулахаар заажээ.
     
  5. Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоохоор төсөлд тусгалаа. Улс төрийн намуудын хувьд үйл ажиллагаа нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж үндэсний хэмжээнд ажиллах нөхцөлийг тавьж, улс төрийн намын татан буугдах үндэслэлийг зааснаар хариуцлагыг тодорхой болгосон.
     
  6. Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд улсын чанартай хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аймгийн төвүүдийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээ бүхий орон нутгийн харьяалалтай хот болгохоор заасан байна. 

Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.