Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хуульчдын 92 хувь нь Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг эрс эсэргүүцжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулдаг “Хуульчдын форум-2018” энэ сарын 19-нд болж, цаг үеийн тулгамдсан асуудлаар хэлэлцсэн билээ. 

Тус форумаас гаргасан зөвлөмж, дүгнэлтүүдээ өнөөдөр албан ёсоор  танилцууллаа. 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан “ Бид форумын үеэр үндсэн хуулийн цэцийг бэхжүүлэх талаар чухалчилж ярьсан. Үндсэн хуулийн цэц өнгөрсөн 26 жил үндсэн хуулийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн боловч хуулиараа хүлээсэн эрхээ бүрэн хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна. Үүнд үндсэн хуулийн  цэц  26 жилийн турш шаардлага хангасан хүн томилоогүй.

Ялангуяа энэ хавар шүүгчээр ажиллах шаардлага хангаагүй дөрвөн хүнийг  томилсон. Үүнийг эргэж харж шүүгчээр ажиллах шаардлага хангасан хүнийг цэцэд томилох нь зүйтэй гэж үзлээ. Мөн цэц тодорхой эрх зөрчигдсөн маргаанийг авдаггүй. Иймд  үндсэн эрхийн маргааныг хүлээж авдаг болох нь зөв. Ингэхийн тулд цэцийн эрх хэмжээг өргөжүүлэх ёстой. Жишээ  нь хүмүүсийг эрүүдэн шүүсэн, тайвнаар жагсанных нь төлөө баривчилж хорьсон гэх мэт зүйл дээр эрх нь зөрчигдсөн хүний хувьд цэцдээ хандах ёстой гэсэн зөвлөмжүүд гаргалаа.  

Форумаар яригдсан гол асуудал нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөлд  400 гаруй хуульчийн  92.7 хувь нь эсэргүүцэж саналаа нэгтгэснийг энэ сарын 20-нд Хууль Зүйн Байнгын Хороо болон УИХ-д хүргүүлсэн. Засгийн газар 2005 онд Цэцийн шийдвэр гарсан гэдгээр өөрсдийгөө зөвтгөсөн ч одоогийн хууль тогтоомжийн хүрээнд 2005 нд тогтоогдсон үндсэн хуулийн зөрчил байхгүй болсон гэж хуульч нар санал нэгтэйгээр үзэж байгаа. Иргэн, байгууллага төдийгүй Засгийн газар ч мөн хуульд захирагдаж байх ёстой.Харин үүнийг хөдлөнгөөс хянадаг шүүхийн тогтолцоо нь 26 жил бий болсон нь дэвшил. Хэрвээ бид одоо үүнийгээ буцаагаад энэ төслөөр өөрчлөх юм бол маш том ухралт хийнэ гэж үзсэн.

 Мөн манай шүүх хараат бус ажиллаж чадаж байна уу гэдэг асуудлыг хөндсөн.Үүнд шүүгч болгон өөрсдөө ажлаа хийх шаардлагуудыг хангасан,хараат бус байх ёстой.  Тухайлбал зүгээр ажлаа хийж явж байсан 13 шүүгчийг гэнэт ажлаас нь чөлөөлсөн, шүүгдийг өөрсдийнх нь саналыг авахгүйгээр хөдөө орон нутаг руу шилжүүлсэн гэх мэтээр шүүгчийн хараат бус байдал руу халдсан тохиолдол гарсан. Энийг шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангах үүргээ биелүүлж чадаагүй гэж үзээд шүүгчийг томилох, чөлөөлөх асуудлыг нарийвчилж хуульчлах хэрэгтэй.

Түүнчлэн шүүхийн ерөнхий зөвлөлийн хараат бус байдал бүрэлдэхгүй байгаа учир олон улсын жишгийн дагуу 10-аас дээш болгож, шүүхийн ерөнхий зөвлөлийн ёс зүй хариуцлагыг хуулиар зохицуулах шаардлагатай гэсэн зөвлөмжүүдийг гаргалаа” гэв

Хуульчдын холбооны мэргэжлийн дүрэм ёс зүйн хорооны тэргүүн Н.Баасанжав “Хуульчийн ёс зүй бол бидний нийтлэг бөгөөд байнга ярьж байх ёстой тулгамдсан асуудал юм. Хуульчид бид өөрсдийгөө нийгэмд манлайлагч гэж үзэж байгаа бол бусад маргэжилтнүүд хуульчдын тогтолцооноос суралцаасай гэсэн үүднээс төрийн албан хаагч болон бусад мэргэжилтнүүд ёс зүйн хариуцлага хүлээдэг тогтолцоотой болоосой гэж уриалж байна.  Мэргэжлийн дүрмэнд анхаарах юу байна гэдэг дээр анализ хийж дүгнэдэг тогтолцоогоо сайжруулах шаардлагатай гэж үзсэн.  Мөн мэргэжлийн  дүрмээ суртачлах, хуульчиддаа туслах ажлыг нэмэгдүүлж зөвлөж тусладаг орчин үеийн тогтолцоонд шилжих боломж байгааг бид гаргаж ирлээ. Ил тод нээлттэй байх үүднээс 1800-1990 гэсэн дугаарт прокурортой холбоотой аливаа асуудлыг хүлээн авдаг утсыг ажлуулдаг болсныг дуулгая” гэв.

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан “Хүний эрх  цахим орчны тухай мөн бид ярьсан өөрөөр хэлбэл эрчимтэй цахимжиж буй өнөөгийн нийгэм хүний эрхийг хамгаалах хэрэгтэй. Хүний эрхийг бид амьдрал дээр хамгаалахаас гадна цахим орчинд хамгаалах асуудал тулгамдаж байна. Үүнтэй холбоотой хувь хүний  болон байгууллагын нууцын мэдээлэлтэй холбоотой асуудал яригдаж эхэллээ. Иймд бид мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах, эрх зүйн орчныг  нь төлөвшүүлж бий болгох шаардлагатай гэсэн зөвлөмж гаргасан. Интернэтийг зохистой хэрэглэх чиглэлээр урт хугацааны бодлого хэрэгжүүлж явуулах зөвлөж мөн багтсан.  

Иргэдэд бид хууль зүйн туслалцааг яаж үзүүлэх ёстой вэ гэгээр монгол Улсын гадаадад аж төрж байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Мөн энэ зөвлөмжөөс гарсан санал аргуудаа 9 дүгээр сард холбогдох байгууллагуудад хүргүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Монголын хуульчдын холбооны өмгөөлөгчдын хороо хариуцсан тэргүүн Д.Түвшинтамир “Эрүүгийн хуулийн тогтоомжид тулгамдаж байгаа асуудлаар салбар хэлэлцүүлэг болсон. Энэ нь зайлшгүй хэлэлцэгдэх хэлэлцүүлэг болсон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ хуулийг хэрэглэх явцад  нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай асуудал гарч ирсэн. Иймээс эрүүгийн хуулийг дагаж гарах дүрэм журмыг яаралтай  батлаж гаргах хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргасан” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийн талаар зөвлөмж хүргүүлсэн гэж та бүхэн хэллээ. Хэрвээ энэ хууль батлагдчих юм бол ямар арга хэмжээ авах вэ?

- “Хууль зүйн байнгын хороо форумаас гарсан зөвлөмжийг сонсоод хэлэлцүүлэхгүй гэсэн мэдээлэл ирсэн боловч хоёр хоногийн дараа хууль зүйн байнгын хороо хэлэлцэхээр болчихсон. Хэрвээ захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж зарим актуудыг хасвал хуульчид дуу хоолойгоо нэгтэнэ гэсэн байр суурьтай байгаа.

Хуульчдын форум дээр ч  энэ асуудал маш хурцаар яригдсан учраас гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдсан.Нийт оролцогчдын  хуульчдийн 92.7 хувь нь Захиргааны ерөнхий хуулийн  өөрчлөлтийг эрс  эсэргүүцсэн.