Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хорт хавдар анагаах хоёр эм манай улсад шинээр бүртгэгджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай орны хувьд хөх хорт хавдар болон бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж, ихэнх тохиолдолд хожуу үеийн шатандаа оношлогдож байгаа. Үүнтэй холбогдуулан хорт хавдрын шинэ төрлийн эмчилгээ болох “Бай эмчилгээ”-г нэвтрүүлэх, эмч нарт эмчилгээний арга техникийг таниулах зорилготой "Хөх, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын бай эмчилгээ" сэдэвт олон улсын хурал өнөөдөр боллоо.

ЭМЯ-наас гаргасан 2017 оны статистик үзүүлэлтээс авч үзэхэд зонхилон тохиолдох хавдрын өвчлөлийн 4.1 хувийг хөх, 4 хувийг бүдүүн шулуун гэдэсний хавдар эзэлж байна. 

Хорт хавдрыг молекул, генетикийн түвшинд тухайн өвчтөнд тохирсон эмчилгээ хэрэгтэй талаар яригдаж байгаа нь технологийн дэвшил

Гэрэл зургийг mpa.mn

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ж. Чинбүрэн “Хөх болон бүдүүн, шулуун гэдэсний хавдар нь хотжилт болон насжилттай холбоотой өвчин учраас барууны орнуудад тохиолддог өвчлөлүүд одоо манайд тохиолдох хандлага байна. Үүнийгээ дагаад хавдрын эмчилгээ нь өндөр хэмжээнд хөгжиж байна.

Хорт хавдрын өвчлөлд зөвхөн мэс засал, химийн эмчилгээ биш молекул, генетикийн түвшинд тухайн өвчтөнд тохирсон эмчилгээ хэрэгтэй талаар яригдаж байгаа нь технологийн дэвшил бөгөөд хавдар судлалын технологийн том ололт. Ийм ололтот бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд байна. Эдгээр  нь эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх,  хавдрын өвчний эмчилгээны эмнүүдийг дэлхийн зах зээлд нэвтрүүлж байгаа нь нэмэр болж байна. Тиймд бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж эдгээр өвчнийг Монголдоо эмчлэх боломжийг олохын тулд ажиллаж байна. 

Монос компани бүдүүн шулуун гэдэс хөхний хорт хавдрын ололтот технологийн талаар манай эмч нарт мэдээлэл өгч цогцоор нь асуудлыг шийдэх гэж оролцож байгаад бид баяртай байна.

ХСҮТ молекул, генетикийн том лабораторитоо тухайн хавдрын төрлөөс хамаарч ямар төрлийн эм уух, тариа хэрэгтэйг шийдэх боломжтой болсон. Гагцхүү нөгөө эм нь төсөвтөө суугдаагүй байгаа учраас л тэр өндөр өртөгт эмийг авч чадахгүй байгаа. Харин иргэд өөрсдөө аваад байгаа. Бид хавдраар өвдсөн хүмүүст санхүүгийн дарамтгүй эмчлэх боломжийг гаргахын тулд хичээн ажиллаж байна. Бүдүүн шулуун гэдэсний өвчтэй хүн жилд 400 орчим бүртгэгдэж байна.

Мөн хөхний хорт хавдар жилдээ 150 орчим байдаг байсан бол одоо 200 гаруй болсон байна.

Хорт хавдрыг эрт илрүүлсэн тохиолдолд тогтмол хавдрын эм өгөх шийдвэрийг гаргах нөхцөл Монгол Улсад бүрдсэний нэг гэрч нь өнөөдрийн хурал  юм” гэв.

Гэрэл зургийг mpa.mn

Ф.Хоффманне -Ла Рош ХХК, Азийн бүсийн орчныг хариуцагч Анна Савинкина “Эрт үеийн хавдартай нь оношлогдсон 10 эмэгтэйн найм нь 10 жилийн дараа амьд байх боломжтой эмчилгээний үр дүн өгдөг Герцептин гэх эмийг танилцуулж байгаа. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүст нилээн ач холбогдолтой зүйл гэж бодож байна.

Монгол Улс 2012 оноос өмнө хүн ардын дунд хорт хавдрын илрүүлгийн арга дутагдалтай байсан байх. Одоо бол эрт илрүүлж болно. Мөн эмэгтэйчүүд харьцангуй энэ талын мэдлэг мэдээлэлтэй болсон учраас эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байгаа. Ингэж хамрагдснараа тоо нь нэмэгдэж байгаа гэж бодож байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын байгууллагын удирдамжид Герцептин гэдэг эм жагсаалтанд орсон. Энэ нь Монгол Улсад зайлшгүй шаардалагатай эмийн жагсаалтад багтсан байгаа учир хэрэглэхэд боломжтой. Цаашид бид Монголын хөхний хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдэд энэ эмийг илүү хүртээмжтэй байлгах боломж гарах байх гэж найдаж байна” гэлээ. 

Авастин, Герцептин гэх хоёр хавдрын эмчилгээний эм бүртгэгдсэн

Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Эм үйлдвэрлэх технологийн газар,  эм эмнэлэгийн хэрэглсэл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг “Монгол Улсад хавдрын өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор Засгийн газрын бодлогын баримт бичгүүдэд хавдрыг бууруулах чиглэлээр нилээд ажил хийж байна. Үүний нэг тод жишээ нь хавдраа илрүүлсэн мөртлөө эм тариа нь зарим тохиолдолд  хангагдаж чадахгүй байгаа.

Гэхдээ ЭМЯ бодлогын хүрээнд  хамгийн түрүүнд хавдрын эмний  бүртгэлийг  дэмжиж байгаа. Учир нь хавдрын эм нь бусад эмнүүдээ бодвол илүү өндөр өртөгтэй байдаг. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг иргэд гадаадаас илүү үнэтэйгээр авдаг нь тухайн хавдраар өвчилсөн хүн санхүүгийн хувьд хэцүү тусдаг. 

Мөн хувь хүнээс худалдаж авахаар  замдаа хадгалах нөхцөл хангаагүйн улмаас эмийн чанар алдагдах тохиолдолд байдаг. Харин Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэнэ гэдэг нь тухайн эмийг хэрэглэж байгаа хүний өмнө эм хангамжийн байгууллага болон тухайн үйлдвэрлэгч компани хариуцлагаа хүлээх буюу чанарын баталгаатайгаас гадна арай хямд үнээр, эх орноосоо худалдаж авах боломжтой. 

Өнгөрсөн тавдугаар сард Авастин, Герцептин гэх хоёр хавдрын эмчилгээний эм бүртгэгдсэн. Одоогийн байдлаар Монгол Улсад хавдрын өвчлөлийг эмчлэх 160 гаруй эм тариа бүртгэлтэй байна” гэв.

Тус хуралд ОХУ-ын Блохина-н нэрэмжит ХСҮТ-ийн харьяа АУ-ны академийн профессор Колядина Ирина Владимировна, Украйн улсын ХСҮТ-ийн хавдрын мэс заслын тасгийн эрхлэгч АУ-ны доктор Андрей Бекносенко нар хөх болон бүдүүн шулуун гэдэсний эмчилгээний талаар ХСҮТ-ийн эмч  докторууд илтгэл тавьлаа.