Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын телевизийн хөтлөгчид Ази хүмүүсийг доромжилсныхоо төлөө ажлаасаа халагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтод Германы багийг хожсон Өмнөд Солонгосчууд Мексикийн багийг шигшээ тоглолтын шатанд шалгарахад нөлөөлсөн билээ.

Тэгвэл энэхүү тоглолтыг дамжуулж байсан АНУ-ын Майамид төвтэй испани хэлний сувгийн хөтлөгчид Солонгосын тамирчдад талархлаа илэрхийлэхдээ Ази хүмүүсийг доромжилсон үйлдэл хийсний улмаас ажлаасаа халагджээ.

Телемундо сувгийн удирдлага ДАШТ-ийг дамжуулахад тайлбарлаж байсан хоёр хөтлөгчид сахилгын арга хэмжээ авснаа өчигдөр мэдээлсэн байна.

Ажлаас халагдсан Жэймс Таххан, Жэнис Бэнкосме нар хуруугаараа нүдээ жартайлгаж, Өмнөд Солонгосын тамирчдыг дүрслэн харуулсан юм.

ДАШТ-ий Аргентин-Исландын тоглолтын үеэр Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона Азийн хөгжөөн дэмжигчид рүү мөн ийм үйлдэл хийж харуулсан нь маргаан дэгдээж байв.

Гэвч түүний үйлдлийг батлах баримт камерын дуранд үлдээгүй тул асуудал тэгсгээд замхарсан юм. Өнгөрсөн долоо хоногт Германтай хийсэн тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчид арьс өнгөөр ялгаварласан агуулгатай уриаг стадионд хашхирч байсны төлөө FIFA-гаас Мексикийн Хөлбөмбөгийн Холбоонд хариуцлага тооцож, $10,000-аар торгожээ.

 

Эх сурвалж: The Guardian