Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн зэвсгийн хөгжлөөр өрсөлдөгчдөөсөө олон жилийн түрүүнд яваагаа Путин гайхуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу Пүрэв гарагт болсон арга хэмжээний үеэр өөрийн цөмийн зэвсгийн хөгжлийг бусдаас олон жилийн түрүүнд явааг хэлжээ.

Тэр Кремлийн ордонд Оросын цэргийн академийн төгсөгчдийн өмнө үг хэлэхдээ “Манай хэд хэдэн зэвсгийн систем хөгжлөөрөө гадаадын ижил төстэй зэвсгүүдээс олон жилийн, магадгүй бүр хэдэн арван жилийн түрүүнд яваа. Орчин үеийн шинэ зэр зэвсгүүд Оросын армийн хүчин чадлыг олон дахин нэмэгдүүлээд байна” гэж ярьсан байна.

Саяхан Путин ирэх сарын 16-нд Финландын нийслэл Хельсинк хотод АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар товлосон юм. Тиймээс түүний хэлсэн дээрх үг уулзахаасаа өмнө Цагаан ордны эзэнд өгсөн сануулга бололтой.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого, Сирийн дайн, Украины хямрал зэргээс хамааран Вашингтон-Москвагийн харилцаа өнөөдөр хүйтэн дайны үеийн хэмжээнд хүрээд байгаа.

Владимир Путин өчигдөр үг хэлэхдээ ойрын хэдэн жилийн дотор бэлэн болох гэж байгаа Авангард дуунаас хурдан онгоц, Сармат тив алгасах баллистик пуужин зэрэг шинэ зэвсгүүдээ онцлон ярьжээ.

Мөн өнөөдөр Оросын Өмнөд цэргийн тойрогт ашиглагдаж эхлээд байгаа Кинжал дуунаас хурдан пуужинг нэрлэсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Путин эдгээр зэвсгүүдийг анх удаа нийтэд танилцуулж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press