Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Францын махны худалдаачид “ногоон хүнстэн”-үүдийн халдлагаас хамгаалж өгөхийг эрх баригчдаас шаарджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Францын махны худалдаачид, үйлдвэрлэгчид өөрсдийгөө амьтны эрхийн төлөө тэмцэгчдээс хамгаалж өгөхийг засгийн газраасаа шаарджээ.

Тэд дотоод хэргийн сайдад бичсэн захидалдаа сүүлийн үед дэлгүүр, үйлчилгээний газрууд нь халдлагад ихээр өртөх болж, хэвлэл мэдээллээр “веганизм” (дан ногоон хүнсээр хооллох) үзлийг өргөн сурталчлах болсон нь сөрөг үзэгдлийг улам дэврээж байна гэж гомдоллосон байна. Мөн ийм сурталчилгаанаас болоод сүүлийн үед махны борлуулалт буурсан гэж мэдэгджээ.

Дэлгүүр рүү нь хиймэл цусаар шүрших, хана туурган дээр нь графит зурах зэргээр халддаг болсон гэнэ.

18,000 орчим махны худалдаачдыг нэгтгэсэн холбоо уг асуудлыг засгийн газарт хандаж тавьсан байна. Зөвхөн махны салбарынхан биш, өнгөрсөн онд бяслагны дэлгүүрүүд халдлагад өртсөн хэрэг гарч байжээ.

Тухайлбал Лион хотын нэгэн бяслагны дэлгүүрийн ханан дээр “Сүү бол хүчирхийлэл”, “Сүү бол аллага” гэсэн үгсийг бичсэн байв.

Францын хүн амын 5 хувь нь веган буюу ногоон хүнстэнд тооцогддог. Тиймээс олонхын эрх ашгийг цөөнхийн эрх ашгаар хөсөрдүүлэх нь буруу гэж веганизм үзлийг хэвлэл мэдээллээр сурталчилж байгааг худалдаачид буруутгажээ.

Тэд махны дэлгүүр болгоны гадна цагдаагийн хэсэг нээхийг хүсээгүй, харин “веган экстремист”-үүдэд анхаарал хандуулахыг хүсэж байгаа гэнэ.

Харин махны салбарынхны тэмцлийг эсэргүүцэж байгаа амьтны эрхийг хамгаалагчид ерөнхийдөө Францчуудын махны хэрэглээ буурсныг веган хүмүүстэй холбон буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: The Guardian