Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар кино одуудын орлогод хязгаар тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Хятадын кино од Фан Бинбинь

“Мөнгийг хэт шүтэх” үзэл дэлгэрүүлж, “нийгмийн үнэт зүйлсийг гуйвуулж” байна гэж үзсэний үндсэн дээр Хятадын эрх баригчид дэлгэцийн жүжигчдийн авдаг цалин хөлсөнд хязгаарлалт хийж байгаагаа өчигдөр танилцуулжээ.

Дэлгэцийн нэг уран бүтээлийн нийт жүжигчдэд төлөх цалингийн төсөв нь тухайн уран бүтээлд гаргаж байгаа зардлын 40 хувиас хэтэрч болохгүй бол гол дүрийн жүжигчний авах мөнгө нийт жүжигчдийн цалин хөлсний нийлбэрийн 70 хувиас хэтэрч болохгүйг засгийн газрын таван байгууллагын хамтарсан шийдвэрт зааж өгсөн байна.

Хятадын татварын алба, Телевиз, киноны зохицуулах газар, үзэл суртлын газар энэхүү шийдвэрийг гаргахад оролцжээ.

Сүүлийн үед Хятадын алдартай жүжигчдийн татвараас зайлсхийсэн хэд хэдэн хэрэг илэрснээс ийм арга хэмжээ авахад хүрсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын нэртэй жүжигчин Фан Бинбиний байгуулсан гэрээний хуулбар хэвлэл мэдээллээр ил болж, дуулиан тарьсан юм.

Тэр нэг уран бүтээлд оролцох гэрээгээ $1.56 сая, $7.8 саяын дүнтэй хоёр тусдаа гэрээ болгон байгуулсан байжээ. Тэр татварын албанд бага дүнтэй гэрээгээ тайлагнаж, их мөнгө төлөхөөс зугтсан байна. Ингэж гэрээг хувааж байгуулахыг Хятадад “инь-янь хэлбэрийн гэрээ” (арга билэг) гэж нэрлэдэг.

Фан Бинбинь өөрийгөө буруугүй гэдгээ мэдэгдсэн бол уг гэрээг ил гаргасан сэтгүүлч Цуй Ёнюань өөр бусад алдартнуудын нууцыг ил болгохоо амлаж байв.

Фан Бинбиний кино компанийн үйл ажиллагаагаа явуулдаг Жяньсү мужийн татварынхан уг хэргийг шалгаж эхэлсэн байна. 

 

Эх сурвалж: The Guardian