Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Багийг нь хэсгээс шалгарахад тусалсанд талархсан Мексикчүүд Өмнөд Солонгосын консултай текилла уужээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө болсон F хэсгийн сүүлчийн тоглолтод Шведийн шигшээ баг үндэсний шигшээг нь 3:0 харьцаагаар хожиж эхлэхэд Мексикчүүд ДАШТ-ийг орхих болсноо хүлээн зөвшөөрөөд байв.

Хэсгийн нөгөө талд Германы шигшээ Өмнөд Солонгосын багийг хожино гэдэгт ихэнх хүн итгэлтэй байсан юм. Хэрвээ тэгвэл гоолын зөрүүгээр Мексик хасагдаж, Германчууд шөвгийн 16-д үлдэх байв.

Гэвч тоглолтын сүүлчийн минутад Солонгосын тоглогчид 2 гоол хийснээр Мексикчүүдийн гуниг баяр хөөрөөр солигдсон байна.

Энэ үед Мехико хотын баар, үзвэрийн газруудад иргэд “Korea! Korea!” хэмээн уухайлж, зарим нь Өмнөд Солонгосын элчин сайдын яамны гадна цуглаж баяраа тэмдэглэжээ.

Мексикчүүд Солонгостой “ах дүү” үндэстэн гэдгээ зарлан, Ганнам стайлын аянд бүжиглэж, сошиал хэрэглэгчид нь k-pop сонсож, телевизийн цувралыг нь үзэж эхлэхээ амлацгаасан байна.

Энэ үед Өмнөд Солонгосын консул байрнаасаа гарч ирэн Мексикчүүдтэй текилла хувааж уусныг сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэг, зурагнуудаас харж болох юм.

Мексикийн шигшээ баг одоо хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч, шөвгийн 16-гийн шатанд E хэсгийн аварга, дэлхийн 5 удаагийн аварга Бразилтай тоглохоор болж байна.

Эх сурвалж: AFP