Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Йоахим Лёв: Бид хасагдах хэмжээнд тоглосноо хүлээн зөвшөөрч байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д дэлхийн аваргын цомоо хамгаалан тоглож байгаа Германы шигшээ баг Өмнөд Солонгосын багт 2:0 харьцаагаар хожигдож, F хэсгийн хамгийн сүүлд жагссан тул нутаг буцаж байна.

Энэ нь тэдний 1938 оны ДАШТ-ээс хойш анх удаа эхний шатнаас хасагдсан тохиолдол байв. Мөн Германчууд анх удаагаа Азийн орны шигшээ багт хожигдсон нь энэ юм. Тэд өмнө нь ДАШТ-д таван удаа Азичуудтай тоглохдоо нийлбэр дүнгээр 19:3 харьцаатай бүгдэд нь хожиж байжээ.

Германы шигшээ багийг сүүлийн 12 жилийн турш дасгалжуулж байгаа Йоахим Лёвын хувьд анх удаа багаа ДАШТ-ий шигшээ шатанд шалгаруулж чадаагүй хэрэг байв.

Тэр өчигдрийн тоглолтын дараа хэвлэлд ярихдаа өөрийн багийг муу тоглосон, хасагдах хэмжээнд байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Лёв ”Энэ бол бидний хувьд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй тохиолдол байв. Германы олон нийт биднийг хурцаар шүүмжлэхийг би мэдэж байна” гэж ярьсан байна.

Тэр цааш нь “Шведчүүд тэргүүлж байгааг бид мэдээд зайлшгүй хожих хэрэгтэйг ойлгож тоглолтоо эрчимжүүлсэн. Гэвч манай баг өөрийн үндсэн тоглолтыг үзүүлж чадсангүй. Тиймээс бид хасагдах нь зүй ёсны хэрэг” гэж ярьжээ.

Өчигдөр Казаньд болсон тоглолтод Германчууд хэдийгээр бөмбөг эзэмшилт, довтолгооны тоогоор хол тасархай байсан ч Өмнөд Солонгосын шигшээ нэмэлт цагт 2 гоол хийж чадсан юм.

 

Эх сурвалж: BBC