Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин Пентагоны тэргүүнд газар нутгаасаа “нэг ямх”-ыг ч өгөхгүй гэж хэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Жим Мэттис өчигдөр Хятадын нийслэлд айлчилж, тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпинд бараалхжээ.

Трампын засаг захиргааны үед Пентагоны тэргүүн анх удаа Хятадад зочилсон нь энэ юм.

Дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний хооронд Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан, Тайваний тусгаар тогтнол гээд байр суурь зөрчилддөг асуудлууд бий. Мөн хоёр орны хоорондын худалдааны алдагдал өнөөдрийн байдлаар халуун сэдэв болоод байна.

Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд болсон уулзалтаар Ши Жиньпин Хятад улс зөвхөн энх тайвныг хүсэж, зөрчил маргаанаас зайлсхийж байгаагаа Жим Мэттист хэлжээ.

Хоёр орны хооронд зөвшилцөж болох асуудлууд байгаа ч газар нутгийн асуудлаар ямар ч буулт хийхгүй гэдгээ тэр мөн илэрхийлсэн байна.

“Бид өвөг дээдсийнхээ үлдээсэн газар нутгаас нэг ямхыг ч алдахгүй. Харин бусдын газар нутагт огт санаархахгүй” гэж Ши Жиньпин хэлснийг Хятадын төв телевизийн суваг мэдээлжээ.

Уулзалтын дараа Жим Мэттис сэтгүүлчидтэй уулзахдаа “яриа хэлэлцээр маш амжилттай болсон” гэж хэлсэн байна. Олон асуудал дээр талууд санаа нэгдсэний дотор Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал багтжээ.

 

Эх сурвалж: Reuters