Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Англи, Бельгийн шигшээ багууд өнөөдөр хожигдохын төлөө тоглоно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнөө шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ий G хэсгийн сүүлчийн тоглолтуудын нэг Англи, Бельгийн багуудын хооронд болно.

Энэ хоёр баг адилхан 6 оноотойгоор хэсгээ тэргүүлж байгаа тул зөвхөн хэн нь нэгдүгээр байрт, хэн нь хоёрдугаар байрт орохоо шийдэх юм. Гэхдээ Англичууд одоогоор нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Асуудлын гол нь эдгээр багууд өнөөдөр хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарахгүйн төлөө тоглоход оршиж байгаа юм.

Учир нь энэ удаагийн ДАШТ-ий хэсгийн шатанд тааварлаж байгаагүй үр дүнгүүд гарсны улмаас шөвгийн 16-гийн шатны хуваарилалт эрс ялгаатай болоод байна.

Өөрөөр хэлбэл шөвгийн 16-гийн нэг хагаст нь FIFA-гийн эрэмбээр дээгүүрт бичигддэг шилдэг багууд хуваарилагдаад байгаа бол нөгөө хагаст нь харьцангуй сул багууд шалгараад байгаа. G хэсгийн нэгдүгээр байрт шалгарсан баг шөвгийн 16-гийн шилдэг хагаст хуваарилагдах болоод байна.

Харин хоёрдугаарт шалгарсан баг сул хагаст багтах юм.

 

Шилдэг хагаст FIFA-гийн эрэмбээр дээгүүр жагсдаг Бразил, Аргентин, Франц, Португаль, Уругвай, Мексикийн багууд багтсан бол нөгөө хагаст Испани, Орос, Хорват, Дани, Швед, Швейцарийн багууд оржээ.

Англичуудын хувьд өнөөдөр тэнцсэн тохиолдолд зөвхөн нэг нөхцлөөр Бельгийн ард хоёрдугаарт орох боломжтой. Энэ нь “шударга тоглолт”-ын шалгуур буюу авсан шар, улаан картнуудын тоогоор үнэлүүлэх юм.

Тиймээс Англичууд өнөөдөр зориудаар олон удаа алдаа гаргавал гайхах зүйлгүй гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Business Insider