Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Майкл Жэксоны эцэг 89 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

1970-аад оны үед хүүхдүүдийнхээ “Жэксон 5” хамтлагийг алдрын тавцанд гаргасан боловч амьдралынхаа сүүлийн жилүүдэд “хатуу, харгис эцэг” гэгдэн адлуулж байсан Жой Жэксон 89 насандаа таалал төгссөнийг өчигдөр мэдээллээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр тэр нойр булчирхайн хорт хавдартай байжээ. US Steel Corp компанид өргөгч цамхагийн оператор хийдэг байсан Жэксон гэр бүлээ ядуурлаас гаргахын тулд Жэки, Тито, Жермэйн, Мэрлон, Майкл таван хүүгийнхээ “Жэксон 5” нэртэй хамтлагийг байгуулсан нь амжилтанд хүрч байв.

Тэрээр олон төрлийн ажил хийж, олсон мөнгөө хөвгүүдийнхээ хамтлагт зориулж байжээ. Жой Жэксоны энэ зүтгэлийн хүчинд хүү Майкл нь попын хааны хэргэмийг хүртсэн боловч 2009 онд 50 насандаа таалал төгссөн юм.

Хатуу шаардлагатай эцэг нь Майкл Жэксоны 1982 онд гаргасан “Thriller” цомгийг 100 сая гаруй хувь борлогдоход чухал нөлөө үзүүлсэн гэдэг.

Гэвч эцэг, хүүгийн хооронд зөрчил байсны улмаас Майкл Жэксон нас барахад гэрээслэлд нь Жой Жэксоны нэр байгаагүй, харин эх Катерины нэр байсан юм.

Майкл 2002 онд Британий сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Тэр суран бүсээ бариад бидний өмнө сууж, бэлтгэл хийлгэдэг байсан. Хэрвээ хэн нэг нь алдаа гаргавал зодуулдаг байлаа” гэж бага насаа дурссан нь бий.

Жой Жэксон ч дурсамжиндаа өөрийгөө “маш хатуу сахилга бат” шаарддаг, гэрээс гаргалгүй байнга бэлтгэл хийлгэдэг, амжилт гаргахын тулд хүүхдүүдээ “туйлд нь хүртэл шахдаг” байсан зэргээ өгүүлсэн байдаг юм.

 

Эх сурвалж: Bloomberg